Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан өчигдөр 11:00 цагт эхэлсэн ч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх хэргийн материалтай танилцаж амжаагүй тул хурлыг хойшлуулахыг хүссэн ч шүүгч Х.Идэр татгалзсан. Улмаар өмгөөлөгч Д.Батсүх хуралдааны танхимыг орхин гарч, Ж.Эрдэнэбат өмгөөлөгчгүй ч шүүх хуралдаан  үргэлжилсэн.  Шүүх хурал өчигдөр орой завсарлан өнөөдөр 09:00 цагт эхэлж, одоо үргэлжилж байна.

 Мөн Ж.Эрдэнэбат бүх шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан ч хүлээн авсангүй. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн ажилтан Н.Гэрэлтуяа “Шүүгдэгч Ж.Эрдэнэбат хэргийг шүүж байгаа шүүгч Х.Идэрээс татгалзах хүсэлт гаргасан. Үүнийг тус дүүргийн ерөнхий шүүгч хянаад,хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Ж.Эрдэнэбат дүүргийн бүх шүүгчээс, хоёр яллагчаас татгалзах хүсэлт гаргасныг ч хүлээн аваагүй. Тиймээс шүүх хуралдаан үргэлжилж байна” гэсэн юм.

Шүүх хурал эхэлсэн цагаас Сэлэнгэ аймгийн иргэд Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардан шүүхийн байрын гадаа жагссан. Өчигдөр тэд уриа лоозон барин, хашгирч байсан бол өнөөдөр лоозонгоо хананд наан, чимээгүйхэн зогсоцгоож байна. Учир нь цагдаагийн байгууллагаас тэднийг лоозон барьж, орилж, хашгирвал Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэсэн санамж өгчээ.

Эх сурвалж: www.polit.mn