Т.САЙХАН

Өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхантай ярилцлаа.

-Өнөөдөр “Та бидний эвсэл”-ээс Захиргаа хэргийн давж заалдах шатны шүүхэд шаардлага хүргүүллээ.  Энэ талаар тодруулахгүй юу?

-“Та бидний эвсэл”-ийн тэргүүн Н. Энхбаяр болон эвслийн удирдлагууд  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд очиж шаадлага тавьсан.  Батбаатар шүүгчтэй  уулзахаар 09.30 минутад очоод цаг орчим хүлээгээд уулзаж чадсангүй.  Шүүгч хаалгаа дотроосоо түгжээд онгойлгоогүй.  Бид Үндсэн хуулиар хамгаалуулсан сонгох сонгогдох эрхээ хамгаалуулахын тулд асуудал дэвшүүлсэн. СЕХ,  Цагдаагийн байгууллагатай нийлж, Дээд шүүхийн тогтоолыг үл хэрэгссэн шийдвэр гаргасан.  Хууль бус шийдвэр гаргасан учраас эрхээ хамгаалуулах хамгийн эцсийн байгууллага болох шүүхэд очсон.  Гэсэн хэдий ч шударга ёсыг эс оллоо.  

-Гомдол мэдээлэл гаргаад нэлээд удаж байна.  Яагаад шүүх хурлыг товлон зарлахгүй байна вэ?

-Бид өнөөдөр тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан.  Шүүхэд  өгсөн сонгуулийн нэхэмжлэлийг нэн даруй яаралтай шийдвэрлэх ёстой.  Гэтэл шүүх шийдэхгүй байна.  Н.Энхбаяр даргын сонгох сонгогдох эрхийг хамгаалахгүй байна. Цаг авч байна. СЕХ Цагдаагийн байгууллагад өгсөн бичгүүдийн хариуг өдөрт нь өгч байгаа. Гэтэл шүүх нь хурлаа товлохгүйгээр  17 хонож байгаа юм. Одоо сонгуулийн сурталчилгаа дуусахад ердөө 11 хоногийн хугацаа үлдлээ.  Ийм байхад хүн эрхийнхээ төлөө явна биз дээ.

-Шүүхээс ямар хариу өгсөн бэ.  Үүний учир шалтгааныг юу гэж харж байгаа вэ?

-МАНАН-ын арилгаагүй байна.  Ц.Элбэгдоржийн үед томилогдсон шүүгч нар хэвээрээ, тэд эзнээсээ уяатай хэвээр байгаа юм байна. Н.Энхбаяр даргыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь эхнээсээ хууль бус байсан. ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа О.Зоригт гэдэг хүн иргэний эрх зүйн байдлыг дордуулсан худал ташаа мэдээлэл ирүүллээ.  Дээд шүүхээр хэрэгсэхгүй болсон заалтыг хүчээр Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон гэж буруу бичсэн.  Яг Дээд шүүхийн тогтоол дээрээ “нотлогдоогүй үндэслэлээр” хэрэгсэхгүй болсон гээд цагаан дээр хараар биччихсэн.   Тэгэхээр Сонгуулийн хуулийн 29.8 дахь хэсэгт заасан Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх заалт нь Н.Энхбаяр даргад ямар ч хамааралгүй.  Н.Энхбаяр даргын хэлмэгдэгдэж шийтгүүлсэн асуудал нь өмчийн эсрэг гэсэн ангилалд багтдаг.  Асуудал хуулийн байгууллагын хүрээнд ийм байтал нэр дэвшигчийн  материалыг бүрдүүлэх явцад ЦЕГ-аас лавлагаа гаргахдаа түүнийг албан тушаалын хэргээр шийтгүүлсэн мэтээр бичиж, ирүүлжээ.   Монгол Улс анхан, давж заалдах, дээд шүүх гэсэн гурван шатны шүүхээр аливаа хэргийг шийдвэрлэдэг.  Ингэхдээ Үндсэн хуульдаа Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна, түүнийг заавал дагаж мөрдөнө гээд заачихсан.   Гэтэл ЦЕГ-аас Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон лавлагаа ирүүлсэн нь  Үндсэн хууль болоод Дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн үйлдэл юм.  Нөгөө талаар 12 жил өнгөрсөн ч  МАНАН бүлэглэл   энэ хүнийг сонгуулийн өрсөлдөөнд оруулахаас, олонхийн санал авч, ялалт байгуулчих вий гэдгээс үхтлээ айж байгааг харуулж байна гэж ойлгож болно.

-Өмнө нь урьдчилсан хэлэлцүүлэг гэж болсон. Тэрүүгээр ямар шийдвэр гарсан бэ?

-Захиргааны хэргийн шүүхийг урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 4-нд зарласан боловч  нэхэмжлэлийнхээ агуулгад нийцсэн нэг асуудал байсан. Энэ дээр СЕХ хууль бус ажиллаж, буруу бичиг гаргаж өгсөн. Мэдээлэл дутуу бичиг гаргаж өгсөн учраас цагдааг хариуцагчаар татъя гэсэн.  Үүнийг далимдуулан хурлыг хойшлуулсан. Түүнээс  хойш найм хоног болсон.  Монголын шүүх ингэж ажилламааргүй байна.  Мөн өнөөдөр бид очиж тайлбар авахыг хүсэхэд  “Та нар хэвлэлдээ ханд” гэсэн. Бид нар гомдлоо Ерөнхий шүүгчид хэлэхгүй хэвлэл мэдээлэлд хандах нь байна шүү дээ. Ийм байдал үүсчихсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn