Б.СОЛОНГО

 

УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч, санхүүч, эдийн засагч Э.Батшугартай ярилцлаа.

 

-Юуны өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаад баяр хүргэе. Та яагаад бодлого тодорхойлогч болохоор өрсөлдөж байна вэ. Шалтгааныг нь сонсмоор байна?

-Би бол гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, олон улсад ч, улс орондоо ч эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажилласан, хийж бүтээсэн, хийхийг зорьж яваа  залуусын нэг нь. Хүн болгонд олдоогүй хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсролоороо улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг хичээж, зорьж яваа залуу хүн.

Харин яагаад заавал их хурлын гишүүн болмоор байна вэ гэвэл та, би, Монголын ард иргэд удаан хугацаанд хүлээлээ, энэ хүлээлтийн хугацаанд ямар нэг зоригтой өөрчлөлт, реформ, шинэчлэл хийгдсэнгүй.

Дөрвөн жилийн өмнөх энэ өдрүүдэд намууд ярьж байсан амлалтуудаа өнөөдөр дахиад л ярьж байна. Монголын ард түмний амьдрал яг хэвэндээ л байна. Харин өөрчлөгдсөн зүйлс нь юу байна вэ. Монголын өр нэмэгдсэн байна. Юмны ханш нэмэгдсэн байна. Улстөрчид нь энгийн иргэдийнхээ боломжийг хулгайлдаг болсон байна.  Болохгүй, бүтэхгүй зүйлүүд зөндөө байхад залуучууд бид яагаад буруу харж суух ёстой гэж. Энэ бүхнийг өөрчлөөд Монгол Улсынхаа төлөө Монголынхоо ард иргэдийн амьдралыг хөгжүүлэх боломж шийдэл нь бидэнд байна. Тиймээс өөрсдөө бодлого тодорхойлогч нь болж шийдлүүдээ хэрэгжүүлмээр байна.

Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг боловч ард иргэдийнх нь орлого буурай орнуудтай адилхан байна. Дэлхийн тэргүүлэх орнуудын чинээнд аваачих шийдэл нь манай “Та бидний эвсэл”-д байна. Тиймээс энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд УИХ-д нэр дэвшиж байгаа юм.

-Өөрчлөлт хийх цаг болсныг энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо харуулж байх шиг санагдаж байгаа?

-Надад бас тэгж мэдрэгдэж байна. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж ард иргэдтэй уулзаад явахад ч энэ хандлага, хүлээлт хүчтэй мэдрэгдэж байна.  “Хуучин хүчнүүдийг удаан хүлээлээ, олон ч сонгуулийн цикл өнгөрлөө. Энэ удаа залуу, боловсролтой боловсон хүчнүүд, улс төрийн шинэ хүчнүүдэд боломж олгоё” гэсэн нийтлэг хандлага өндөр байгаад би баяртай байна.

-“Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрөөс та ямар шийдлүүдийг онцлох вэ?

-Өнгөрсөн хугацаанд энэхүү мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухааны судалгаа, ТЭЗҮ гээд бүх зүйлтэй нь цогцоор нь боловсруулж гаргаж ирсэн. Маш сайн шийдлүүдийг бид боловсруулсан.

Энэ дундаас заримыг нь онцолж яримаар байна.

Нэгдүгээрт, байгалийн баялаг. Байгалийн баялаг бол ард түмний дундын өмч байна гэсэн зохицуулалтыг манай эвсэл гаргаж ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр газар дор байгаа баялаг болох нүүрс, зэс алт бол ард түмнийх. Учир нь бидний амьсгалж байгаа агаар болон урсаж байгаа голын устай адилхан тэдгээрийг хэн ч бүтээгээгүй. Монгол Улсад байгаль дэлхийгээс, бурхнаас өгсөн бэлэг. Тиймээс хэн нэгэн буюу хувь хүмүүс, компаниуд өмчлөх эрхгүй.  Байгалийн баялгийг жигд, тэгш хуваарилах ёстой. Тэгж байж ард иргэдийн амьдрал тэгш сайжирна.

Хоёрдугаарт, бид  өрх бүрийг орон сууцтай болгох бодит шийдэл бүхий хөтөлбөрийг дэвшүүлж байгаа.  Эхний ээлжинд одоо эзнээ хүлээж хоосон байгаа 55 мянган орон сууцыг компаниудаас худалдаж аваад ард иргэддээ урт хугацаанд түрээслээд өмчлөх журмаар өгч, орон сууцтай болгоно. Ингэхдээ урьдчилгаа авахгүй, хүү авахгүй. Түрээсээ сар болгон төлсөөр байгаад орон сууцны үнэ нь гүйцэхээр өмчлөөд авна. Энэ тийм шинэ тогтолцоо биш. 1990-ээд оны үед аав ээж маань байрны мөнгө гэж төлдөг байсан. Улс байрыг нь барьж ард иргэддээ өгөөд иргэд нь төлж дуусаад хувьчилж авсан байдаг. Үүнтэй л адилхан. Тэрнээс одоогийнх шиг төр нь орон сууцнуудаа худалдаж авчихаад ард иргэддээ хүүтэй зараад байдаг тогтолцоо байж болохгүй.  Төр гэдэг ард иргэдээсээ ашиг олох биш үйлчлэх ёстой байгууллага.

-Эвслийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн шинэчлэлийн талаар тодорхой шийдлүүд тусгагдсан байсан. Энэ бол танд хамгийн ойр сэдэв байх?

- Тийм ээ, хувь хүн талаасаа ярих нь зүгээр байх. Миний хувьд гадаадад банк санхүүгийн байгууллагад амжилттай ажилласан туршлагатай. Улсынхаа санхүүгийн төв байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байсны хувьд ч Монголын нөхцөл байдлыг сайн мэднэ, ойлгоно. 

Өнөөдөр банк, санхүүгийн салбарт зайлшгүй өөрчлөлт хийх болсон. Учир нь банк санхүү бол тухайн улсын эдийн засгийн эргэх цус нь болж байдаг. Наад зах нь хүү багатай, урт хугацааны зээл гаргаж компаниудаар дамжуулан нийгэмд ажлын байрыг нэмэгдүүлж, улсын татварыг бүрдүүлж байж эдийн засаг тэлж хөгждөг. Гэтэл энгийн хэрнээ хамгийн чухал энэ тогтолцоо манайд байхгүй.

Үсрээд 1-2 жилийн хугацаатай хэрнээ 20-25 хувийн хүүтэй зээлийг л санал болгодог. Аж ахуй нэгжүүд энэ хүүг төлөөд дээрээс нь ашиг хийнэ гэдэг бололцоогүй. Харин бид юуг амалж байна гэхээр зээлийн хүүг багасгаж, хугацааг нь уртасгана. Энэ бол бүрэн бололцоотой. Яагаад гэвэл манайд ийм төрлийн зээл нь байна. Жишээлбэл, ЖДҮ-ийг дэмжих зээл гэж.  Харамсалтай нь жирийн ард иргэд болон зорилтот бүлгийн аж ахуй нэгжүүд нь авч чаддаггүй. Үүнийг бид чаддаг болгоно. Хуульд нь улс төрийн гар хөл орохооргүй заалтуудыг тусгаж оруулна. Бас нэг жишээ бол Хөгжлийн банк гэж байна. Уг нь улсын экспортын төслүүдийг дэмждэг банк. Харамсалтай нь өнөөдөр энэ банкнаас улс төрийн нөлөө бүхий эрхмүүд хэдэн тэрбумаар нь авчихаад эргэж төлдөггүй. Гэх мэтчилэн санхүүгийн системд бугласан олон зүйл байна. Энэ бүхнийг цэгцлэнэ.

Мөн санхүүгийн салбарт олон хямд эх үүсвэр, эрүүл, цэвэр өрсөлдөөнийг бий болгох шийдлүүдийг хийж чадна. 

Нэмж хэлэхэд төрөлжсөн банкуудыг байгуулна. Жишээлбэл, старт-ап банк байгуулмаар байна. Өнөөдөр нэг энгийн залуу мундаг бизнес санаатай байсан ч зээл авч чаддаггүй.  Барьцаа хөрөнгө байхгүй, орлого нь хүрэхгүй. Тэр залуугийн оюун санааг хэн ч үнэлэхгүй байгаа юм. Тэгвэл тэр санааг нь үнэлж хөрөнгө оруулалт хийгээд бодит бизнес болгох банкуудыг байгуулна.  Жилд бид 1000 старт-ап компанийг дэмжээд хөрөнгө оруулаад байхад Монгол Улс хөгжих тун амархан болно. Дээрээс нь дэлхийд өрсөлдөх компаниудтай болж чадах юм.

Маш гоё санаа нь байгаа ч хэрэгжүүлж чадахгүй байгаа залуучуудад зориулсан бидний шийдэл энэ юм л даа. Заавал байгалийн баялаг, нүүрс зэсээр биш залуусынхаа оюун ухаанаар хөгжих боломжтой. Мөн  Монгол Улсын иргэн бүр 30 сая төгрөгийн зээлтэй байна. Ирэх жил томоохон бондуудын төлбөрүүд эхэлнэ.  Энэ бүхэн дээр яаралтай зохицуулалтууд хийхгүй бол Монгол Улс дампуурах эрсдэл өндөр байна. Тиймээс эдийн засагч, санхүүч хүний хувьд хэрэв би их хурлын гишүүн болвол гадаад дотоод өрүүдийг цэгцлэх ажилд бас голчлон анхаарна. Өргүй Монгол бол баян Монгол шүү дээ.

-Таныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхад одоогийн төлбөр тооцооны хялбар шийдлүүд, банк санхүүгийн системийн цоо шинэ үе эхэлсэн байдаг?

-Тийм ээ. Мэдээж энэ бүх ажлууд үргэлжлэх ёстой. Дэлхийн системтэй бид хөл зэрэгцэх ёстой.  Тухайн үед буюу 2012 оны үед одоогийнх шиг мобайле банк гэж байдаггүй байлаа. Манай багийнхан банкны үйлчилгээг ард иргэдэд хамгийн хүртээмжтэй, түргэн шуурхай болгож өгч байсан.

Энэ салбарт нэгэн үеийн шинэчлэлийг хийж чадсанаараа бахархаж явдаг. Яагаад энэ салбарыг онцлоод байна гэвэл түрүүнд хэлсэнчлэн улсын эдийн засагт гол цус нь банк байдаг. Энэ цус цэвэр, шинэ, сайн эргэлттэй байж эдийн засаг, цаашлаад улс хөгждөг. Тиймээс шинэ шинэ реформууд хийх ёстой.

-Сонгуулийн сурталчилгааны ажил эхэлснээс хойш тойргийн иргэдтэйгээ уулзалтууд зохион байгуулж байгаа. Таны нүдээр ард иргэдийн амьдрал ямар байна вэ. Тэд юу хүсч байна вэ?

-Тийм ээ, бид уулзаад явж байна. Ард иргэд маань биднийг маш сайхан хүлээж авч, дэмжиж байна. Харамсалтай нь бид хөгжил ярих ёстой байтал иргэдийн сайн сайхан амьдрах суурь асуудлууд шийдэгдээгүй хэвээр л байна. Энэ байдал хэдэн жил үргэлжлэх ёстой юм бол. Иргэд орлогогүй, ажилгүй байна. Банкны хүүнд дарлуулсан байна. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй байна. Энэ бүх зүйл төрийн бодлого нь тууштай биш, ард иргэддээ хүртээмжтэй бус явж ирсний илрэл юм л даа. Ядаж бид сургууль, цэцэрлэг нэмээд барьчих санхүүгийн боломжтой шүү дээ. Улсын төсөвтэйгээ харьцуулахад хамгийн боломжтой зүйлс. Гэтэл яг хэрэгцээтэй зүйлс нь  хийгдэхгүй мөртлөө ашиггүй зүйлд төсвийн хөрөнгө үрэгдээд байгаад харамсаж байна.

Төсвийн хүртээмжийг нийгэм рүүгээ чиглэсэн боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ рүү чиглүүлэх шаардлагатай байна. Ажлын байрны хувьд хэцүү байна. Яагаад гэвэл иргэд боловсрол эзэмшиж чадахгүй байна. Тиймээс “Та бидний эвсэл” энэ асуудлын шийдлийг МСҮТ-үүдийг олноор байгуулж, дээд боловсролыг үнэгүй болгоно гэж мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж байгаа.

Гэр хороололд амьдарч байгаа өрх бүрийг орон сууцанд оруулах хөтөлбөрийг түрүүнд бас ярьсан. Цэцэрлэгт хүүхдүүдээ сугалаагаар өгч азыг нь үзнэ гэдэг бол яасан ч хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Үүнээс болоод аав ээжүүд нь ажил хийж чадахгүй байна. Ажил хийж чадахгүй учраас орлогогүй байна, орлогогүй болохоор гэр бүлээ тэжээх, хүүхдэдээ хангалттай хоол унд, хувцас авч өгч чадахгүй байна. Энэ бол хүний суурь хэрэгцээ шүү дээ. Их хурлын гишүүн болвол тойрогт тулгамдсан энэ асуудлуудаас шат дараатайгаар барьж аваад хийж хэрэгжүүлнэ.

-Нэр дэвшигчдийг хэрхэн харьцуулж, сонголтоо хэрхэн хийхэд нь хувь хүний зүгээс сонгогчиддоо ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ямар ч ардчилсан оронд сонгуулийн цикл болдог. Тиймээс өмнөх сонгуульд өгч байсан амлалтуудыг нь л хармаар байна. Ардчилсан орны үндсэн зарчим нь тухайн улстөрийн нам нь амлалт өгөөд, тэр амлалтанд нь ард иргэд итгээд сонгодог. Харин сонгогдсон улстөрч тухайн дөрвөн жилд өгсөн амлалтаа л биелүүлэх ёстой. Гэвч өнөөдөр харамсалтай нь амлалтаа биелүүлдэггүй, өөр хоорондоо түлхэлцдэг, муудалцдаг. Сүүлдээ үгийн санд байхгүй улстөржих гэсэн үг гаргаад ирчихсэн. Тэгэхээр сонгогч олон сонголтоо хийхээс өмнө тухайн улстөрч дөрвөн жилийн өмнө юу амалж байсан бэ өнөөдөр хэдэн хувьтай биелсэн байна вэ гэдгийг нэн даруй хармаар байна. Тэгж байж сонголтоо хиймээр байна. Эхлээд дүн тавих хэрэгтэй.

Хэрэв амлалтаа биелүүлсэн бол цааш нь сонгоод ажлыг нь үргэлжлүүл. Биелүүлээгүй бол дараагийнхийг нь сонго. Дахиж худлаа ярьдаг хүмүүс бидэнд хэрэггүй шүү дээ.

- Сүүлийн өдрүүдэд “Таныг сайн ярьдаггүй” гэсэн дайралтууд идэвхтэй явагдаж байх шиг байна. Та үүнд хариулт өгөх үү?

- Тиймэрхүү ярианууд явж л байна лээ. Өрсөлдөгч намууд тэрийг нь дэвэргэж тараагаад л. Энэ ортой л доо. Гэхдээ үүнийг би өөрийнхөө сул тал гэж боддоггүй. Би хөтлөгч, жүжигчин, сэтгүүлч, багш ч юм уу, ер нь уран илтгэх чадварыг шаардсан мэргэжилтэй биш. Би санхүүч, эдийн засагч. Шаардлагатай зүйлээ мэргэжлийнхээ томъёоллоор товч тодорхойлоод тоо, үзүүлэлт, программ ашиглаж олон цагаар сууж ажиллаж ирсэн.

 Нөгөө талаас хямдхан популист, худалч хүмүүс гоё уран цэцэн ярих чадвар нь их хөгжсөн ажиглагддаг. Гоё ярьдаг хүн бүр худалч биш л дээ, сайхан цэцэн цэлмэг хүмүүс зөндөө байдаг. Харин худалчид бараг бүгд гоё ярьдаг юм байна лээ. Надад хэнийг ч хуурч, худлаа амлах шаардлага байхгүй. Тиймээс уран гоё ярьж чаддаггүй гэдэг харин ч миний давуу тал биш үү.

Би амаараа биш ажлаараа өөрийгөө зөв таниулах ёстой гэж боддог. Гоё ярьж сурах амархаан, энийг гол зорилго болгочихвол юу байхав дээ. Харин ярьснаа хэрэгжүүлэх л хэцүү байх, гэтэл энэ л чухал шүү дээ.

-Өрсөлдөгч нартаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Цэвэр бодлогоороо, мөрийн хөтөлбөрөөрөө, оюун санаа, тархиараа өрсөлдөе. Тэрнээс заавал хайж хайж нэг сул тал олчихоод олзуурхаж тараадгаараа биш. Би жишээ нь, өрсөлдөгчөө бие бялдрын бэлтгэлээр юмуу, гадаад хэл эзэмшсэнээр надаас дор юм байна лээ гээд ярихгүй шүү дээ. Яагаад гэвэл хэд суниадаг юм уу яаж уран донгоддог нь улс орноо зөв авч явах чадварт голлох үүрэг гүйцэтгэхгүй. Дахин давтаж хэлэхэд үнэхээр төрийн түшээ болох гэж зорьж яваа хүмүүсийн ноён нуруу, буйр зааж боловсон өрсөлдмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.

УИХ-ын 28-р тойрог, Сонгинохайрхан дүүргийн “Та бидний эвсэл”-ийн сонгуулийн штабаас бэлтгэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.8  ДАВАА № 111 (6336)