С.САРУУЛ

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-н энэ жил зургадугаар сарын 5-нд тохиож байна. Их дүйчин өдрөөр энэ жил анх удаа амрахаар болсонтой холбоотойгоор МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэдээлэл өглөө. Тэрээр “Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. Харин бурхны шашин Азид 20 дугаар зууны эхэн үеэс оршин тогтнож ирсэн түүхтэй. Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг. Бурхан багш эхийн хэвлийд оршсон, номоо номлож хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг. 

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог . Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай.

10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.  Хэлээр хийдэг нүгэл болох хов жив, хараал, хэрүүл, бусдыг гомдоох, дээрэлхэж доромжилсон хэрцгий үгсийг тус өдөр тэвчиж, аль болох хүнд сайн сайхан үгийг хэлж байх учиртай. Учир нь хүмүүс нэгнийгээ олны өмнө тэгж харлуулж, гүтгэн, гутаан доромжлох нь хэзээ ч сэтгэлээс нь арилахгүй өс хонзон тогтоож байдаг. Тэр өс хонзон нь цааш үргэлжилж, Монголыг нийгмээр нь эвдэх ч аюултай. Бурхан багшийн Их дүйчин өдөр ядаж дээрх үйлүүдийг тэвчиж, бусад үед ч уг өдрөөр жишээлж сайхан амьдарцгаая гэсэн гэгээлэг бодлыг л тээх хэрэгтэй" хэмээн захисан юм.

Бурхан багшийн Их дүйчин өдөр муу үйлийг хийхгүйн тулд нэг өдрийн сахил сахидаг. Ингэхдээ, өглөөнөөс эхлээд орой болтол 10 хар нүглийг хийхгүй хэмээн сэтгэлдээ амлан цагаан хоол идэх, мацаг барих зэрэг олон аргаар сахиж болдог аж. Сахил сахих нь бидний амьдралыг доройтуулах бие, хэл, сэтгэлийн муу үйлийг номхотгож, буяны зүгт хандуулах аргын нэг хэлбэр.

Бурхан багшийн Их дүйчин өдөр ийм муу үйлийг тэвчиж, сайн үйл хийх явдал нь өөрийгөө бусармаг зүйлд холилдсон эсэх, бузар нүгэл үйлдэж байгаа эсэхээ ажиглах боломж олгож байна.

Ер нь аливаа баярыг утга учирт нь нийцүүлж тэмдэглэх учиртай. Утга нь алдагдсан баяр олширсон учраас л хүмүүст баяр, тэмдэглэлт өдөрт дургүйцэх шинж чанар ажиглагдаж байна. Цагаан сар, Наадам ч гэсэн уламжлалт зан заншил, соёлоо хүүхдэдээ таниулах зорилготой баяр болохоос зугаацаж, идэж уухад зориулагдаагүй.

Тиймээс ч сүм, хийдүүд Бурхан багшийн дүйчин өдрийг зориулалтын дагуу тэмдэглэх уриатай юм.

Иймд иргэддээ ч Бурхан багшийн Их дүйчин өдрийг ямба ёсоор нь буюу нүглийг тэвчиж, буян хурааж тэмдэглээрэй гэж уриалж байна.

Хөл хорио тогтоож хүмүүсийг гэртээ байхыг зөвлөж байгаа явдал нь гэр бүлүүдэд биеэ ойлгож, таних маш том боломж олгож байгаа гэж харж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn