С.САРУУЛ

 Коронавирусын халдварын тохиолдол дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 4.8 сая гаруй хүн өвчилснөөс 316 мянган хүн нас барлаа. Түүнчлэн 1.8 сая хүн эдгэрч, 2.6 сая хүн одоогоор эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 14 мянгаар, нас баралт 600-аар буурсан үзүүлэлт юм. 

Өнөөдөр коронавирусын халдвар авсан /2020.05.18/ гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол дөрвөн тохиолдол шинээр нэмэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн байгаа. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн. Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ.  эмчилгээний багийнхан орж гарахдаа хамгаалалтын хувцсаа өмсөж тайлдаг шар бүс буюу камерын тоог нэмэгдүүлээ. Мөн мананцар үүсгэдэг кабинтай болохоор захиалга өгөөд байна. Энэ нь хувцасны гадна талд наалдсан вирусийг тодорхой хувиар устгах үүрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтнуудаа халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ийм арга хэмжээг авч байна. Ер нь ажилтнууддаа халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байгаа " гэв. Улсын хэмжээнд 1,747 хүн ажиглалтад байгаагаас архаг хууч өвчтэй, эмнэлгийн тусламж авч байгаа 133 хүн бий.

Өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын 11 эмч ажиллан 4471 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д өвчлөл 9700-аар нэмэгдсэн. Манай улстай хиллэдэг Буриадад өвчлөл 27-оор нэмэгдсэнээр нийтдээ 892 болжээ. Харин Эрхүүд 36 хүнээр нэмэгдэж, 526, Тувад 17-оор нэмэгдэж 269 хүн өвчлөөд байна. Өвөр байгалийн Читэд 154 хүн өвчилж, халдварын тохиолдлын тоо эрс өсөж байна. Иймээс хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий аймгийн иргэд бэлэн байдлаан ханган, сэрэмжтэй байж амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угааж, олон нийтийн газраар явахгүй байхыг онцгойлон анхааруулъя” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn