Б.ОЮУНЗУЛ

“Зууны мэдээ” сонины цахим “Зууны нэг өдөр”-ийг www.zms.mn сайтаас уншаарай. Бенгалийн шинэ жилийг Пахела Байшах гэх бөгөөд энэ сарын 13-15-ны аль нэг өдөрт нь тэмдэглэдэг. Энэ өдөр хүмүүс гоёод Рабиндранат Тагорын бичсэн нарны тухай шүлэг дууг дуулан нар гарахыг хүлээнэ. Энэ өдрийг тэд цагаан будааны хөөсөнцрөөр хийсэн сира болон бусад үндэсний хоолноос бүрэлдсэн өглөөний цайгаар угтдаг. Мөн энэ өдөр Бангладешийн бэлгэдлүүдийн нэг илиши гэх шарсан загас их үнэ цэнэтэй байдаг. Хүмүүс зах дээр ирж баярын жагсаал хийж, концерт үздэг ба тус орон Пакистаны бүрэлдэхүүнд багтаж байх үеэр төв Засгийн газар нь энэ баярыг хориглодог байжээ.

1865 он. Америкийн ерөнхийлөгч Авраам Линкольн Сангийн сайд Хью Маккалахыг хүлээн авсан гэдэг. Сайд хуурамч мөнгө үйлдэгчдээс болон улс орон санхүүгийн сүйрлийн эрмэгт ирээд байгаа учраас тэдэнтэй тэмцэх тусгай бүтэц байгуулах хэрэгтэй гэсэн байна. Ерөнхийлөгч зохих шийдвэрт гарын үсгээ зурсан ба харин орой нь театрт жүжиг үзэж байгаад буудуулан үхлийн шарх авчээ. Сангийн сайдын хөөцөлдөн бүтээсэн алба нь “Америкийн нэгдсэн улсын нууц алба” хэмээх нэр авчээ.

1961 он. ЗХУ-д “ЗХУ-ын сансрын нисгэгч” цолыг бий болгожээ. Энэ цолыг хамгийн түрүүнд  Юрий Гагарин авсан. Үүний дараа нь Оросууд бүх сансрын нисгэгчиддээ энэ цолыг олгосон байна. 1991 оны эцэс хүртэл Зөвлөлтийн 72 нисгэгч уг цолыг авсан бөгөөд 1992 оны гуравдугаар сарын 20-нд ОХУ-ын хуулиар “Оросын холбооны улсын сансарын нисгэгч” цолыг бий болгон энгэрийн тэмдгийг нь орчин үеийн Оросын бэлгэдлүүдээр сольсон байна.