Д.АРИУН

Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Буриадад халдварын тоо мөн өссөөр байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ны байдлаар COVID-19-ын халдвар авсан хүний тоо зургаагаар нэмэгдэж, 92 болсон талаар тус Бүгд найрамдах улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд халдварын тоо огцом 26-гаар нэмэгдэж, даваа гаригт 86 болоод байсан юм.

Лабораторийн шинжилгээгээр коронавирусын халдвар авсан гэдэг батлагдсан 92 тохиолдлоос 22 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барж, үлдсэн нь эмнэлгийн хяналтад байгаа аж. Хүнд өвчтэй болон өндөр настай долоон өвчтөний биеийн байдал тааруу байгаагаас нэг хүн амьсгалын аппаратад байгаа  талаар мэдээлэлд дурджээ.

Халдвар авсан хүмүүсийн ойрын хүрээний 2669 хүнийг тогтоож, хяналтад авсан бөгөөд сэжигтэй найман хүний шинжилгээг Иркутск дэх Сибирь, Алс дорнодын тарваган тахлын судалгааны хүрээлэн рүү илгээсэн байна.

Буриадын бүгд найрамдах улсын тэргүүн Алексей Цыденов хөл хорионы хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан байна гэж РИА-Новости агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: www.polit.mn