Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас  “Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл” ТББ-ыг үүсгэн байгуулагч, Олон улс  судлалын ухааны доктор Т.Бат-Эрдэнэ улс төрийн нөхцөл байдал, 2020 оны сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтэй иргэдийг дэмжих, хамтран ажиллах талаар мэдээлэл хийв. Тэрээр “Өнөөдөр монголчууд бид өөрсдийн хувь заяагаа шийдэх хариуцлагатай цаг үед  тулж ирээд байна. Тиймээс иргэн бүр үүнийг ухамсарлан ойлгох хэрэгтэй. Хэрэв бид энэ удаа хариуцлагатай сонголт хийж чадахгүй бол дахиад 20-30 жил өнөөдрийнхөөсөө ч  дор замыг туулж мэдэхээр байна. Учир нь өнөөдрийн улс төрийн намуудыг дамнан бүрэлдсэн улс төр, эдийн засаг, хууль хүчний байгууллагуудаас бүрэлдсэн бүлэглэл нь бидний нүднээ ил далд ямар их хүчирхэгжиж байгаа нь та бидний нүдэнд ил харагдаж байна. Энэ нам, эвсэл бүлэгээрээ нэгдсэн  бүлэглэлийн ажиллагааг энэ сонгуулиар таслан зогсоохгүй бол цаашид бид туйлдаа хүртэл ядарч, харин тэд туйлдаа хүртэл задарч мэдэхээр байна.  Ардчилал үгүй болж байна, үнэ цэнэгүй болж байна. Улс орныг, иргэдийн амьдралыг өөрчилнө гэсэн улс төрчдөд монголчууд  бид итгэл алдарч  байна.

Иймд бидний хэсэг эрдэмтэн, судлаачид нэгдэн ”Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл” ТББ”-ыг санаачлан байгуулаад байна.  Энэ байгууллага нь ард  иргэдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалах, бие дааж УИХ-ийн сонгуульд нэр дэвшигчидийг дэмжих зорилготой юм. Тиймээс иргэдийн итгэлийг хүлээсэн боловсролтой, нэр хүндтэй, ёс зүйтэй, та бидний мэддэг, таньдаг, эрдэмтэн сэхээтнүүд, багш нар, судлаачид яагаад улс эх орон,ард иргэдийнхээ төлөө УИХ- ын сонгуульд  нэр дэвшихгүй байна  вэ? Яагаад иргэд бид өөрсдөө өөрсдийгөө төлөөлөх иргэнийг нэр дэвшуулж болохгүй гэж? Мэдээж, эдгээр улс маань  улс төрийн бохир орчинд орохгүй гэсэн бодолдоо автан арагш ухран суугаа. Гэвч тэд ард иргэдийнхээ урам зориг, тэдний итгэл дэмжлэгийг мэдэрч чадвал босож ирэх болно.

 

“Улстөрчдөд бид итгэл алдарч байна”

 

Монгол Улсын төрийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн өнөөгийн төрхийг та бид бүгдээрээ харж байна. Ёс зүйн хэм хэмжүүрийг уландаа гишгэсэн, ард иргэдийн итгэлээр тоглон наадсан, амин хувийн эрх ашгийг улс, нийтийн эрх ашгаас илүүд үзсэн, нам дамжсан хувийн эдийн засгийн эрх ашгаараа нэгдсэн өөр хоорондоо гинжлэгдсэн хэлхээ холбоотой луйварчдын бүлэглэл болсон байна. Сүүлийн 20 гаран жилд бие биенээ үзэн ядаж өс зангидсан мэт дүр гаргаж, цаагуураа эвсэн нэгдэж улс орны хөгжлийг сүйрүүлж, ард түмэнээр тоглож байна. Энэ мэт УИХ -ын гишүүд ёс зүйн доройтолд орсон байдал нь төрийн хүчийг суларуулж, улсын хөгжил цэцэглэлтэнд сөрөгөөр тусч буйг ард иргэд урд өмнөхөөс илүү их мэдэрч байна. Одоо бид энэ байдлаас яаж гарах вэ?

УИХ ийн сонгуулиар энэхүү хариуцлаггүй улс төрчдөөөс салахын тулд УИХ-н сонгуульд ард ирэдийнхээ итгэлийг даах өндөр ёс зүйтэй, дадлага туршлагтай хэнийг ч болов бие дааж нэр дэвшээч, иргэд,сонгочид ч тэднийгээ дэмжээч гэж бид уриалж байна. Монголчууд бидэнд өнөөдрийн улс төрчдөөс илүү боловсрол, дадлага туршлагатай эх оронч хүмүүс байхгүй гэж үү? Бид байгаа гэж итгэж байна. Бид тэднийгээ УИХ-д дэвшихийг шаардах хэрэгтэй байна..Сайн үйлсийг эхлүүлэхэд муу цаг гэж үгүй. Тиймээс монголчууд бид 2020 оны УИХ-ийн сонгуулиар хамгийн багадаа наймаас  доошгүй бие даагчдыг сонгож чадсанаар улс төрийн шинэчлэлийг хийж улс, эх орны хөгжпийн хурдыг нэмэх боломжтой гэж “Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл ТББ” үзэж байна. Иймд манай байгууллагад, бидний хүсэл зорилгод нэгдээрэй. Бид хамтран ажиллахад бэлэн байна. Ард түмэн, улс эх орныхоо төлөө ардчилалаа аваръя” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn