Б.НАМУУНТАМИР

БСШУСЯ-ны  харьяа олон улсын хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын ажил өчигдөр /04.01/ Баянзүрх дүүргийн XVI хороонд эхэллээ. “Монгол тэмүүлэл” сургуулийн барилгын ажлыг “Батс Өргөө” компани гүйцэтгэх бөгөөд ирэх есдүгээр сарын 1 гэхэд шинэ сургуулийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд баригдах томоохон сургуулиудын нэг нь 640 хүүхдийн суудал бүхий “Монгол тэмүүлэл” юм. Хүн амын төвлөрөл ихтэй Баянзүрх дүүргийн XVI хороонд “Монгол тэмүүлэл” сургуулиас гадна тус хорооны хүүхдүүдийг хамран сургах 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн суудал бүхий шинэ барилгын ажил өнгөрөгч онд эхэлсэн. Мөн эдгээр сургуулийн дэргэд 320 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга баригдах юм байна.

Барилгын үав тавих ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцсон юм. БСШУС-ын яам 2020 онд улсын хэмжээнд 40 гаруй сургуулийг ашиглалтад өгөх бөгөөд тэдний 15 нь гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийслэлд баригдаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn