Х.ОЮУНБОЛД

Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт “Апекс ворлд” компанийн гүйцэтгэх захирал, автозам, барилгын инженер Б. Наранбатыг урьж, оролцуулсан юм.  Түүний  ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

  1. Бүх улс орон томоохон бүтээн байгуулалтын ажлаа урт хугацааны бага хүүтэй зээлийн хөрөнгөөр барьдаг. Дархан Налайх, Шинэ нисэх онгоцны буудал руу барьж байгаа авто замууд ч энэ жишгийн дагуу ийм зээлийн эх үүсвэрээр баригдаж байгаа. Гэтэл энэ төрлийн зээл олгогчид бас өөрсдийн нөхцлүүдээ тавьдаг. Тэр нөхцлүүдийн нэг нь ерөнхий гүйцэтгэгчийг өөрсдийн орны аж ахуйн нэгж байлгахыг шаарддаг.
  2.  Энэ цар тахлын үед хорио цээр тавьж  иргэдээ хамгаалахаас гадна эдийн засгийн хувьд хэрхэн хохирол багатайгаар давж гарах вэ гэдэг нь улс орон болгоны толгойны өвчин болж эхэлж байна. Хэрэв бүтээн байгуулалтын ажил яваад эхэлбэл эдийн засагт бага ч гэсэн нэмэр болох нь мэдээж. 
  3.  Эвдрэлийн шалтгаан их олон янз. Жишээ нь, манайд хүн амын нягтаршил багатайгаас болоод гадны орнуудад хийгддэг хурдны замтай адил хийцтэй замыг хот хооронд барих санхүүгийн боломж байхгүйгээс гадна тийм зам барих шаардлага ч байхгүй. Тиймээс замын хийцийн хувьд тэдэнтэй харьцуулах боломжгүй. Үүнийг дагаад үнэ өртгийн хувьд ч харьцуулах аргагүй. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн яриад байгаа гадны орны тэр гоё замууд чинь бүгд хүчитгэсэн цемент бетон суурьтай, асфальт бетоноор хучилтыг хийсэн байгаа.
  4.  Авто зам эвдэрдэг шалтгаан нь зөвхөн гүйцэтгэгч компанитай холбоотой юу гэвэл үгүй. Мэдээж тодорхой чиглэлийн ганц нэг замууд дээр гүйцэтгэгч компанийн буруутай зүйл байгаа байх. Тиймээс манай  салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх компанийг тийм байгаа гэж ойлгож болохгүй байх.
  5.  Бодит амьдрал дээр даацийн хяналт сайнгүйгээс болоод тухайн замын даах хэмжээнээс 2-3 дахин их ачаатай авто машин явж байгаа, мөн хүнд даацын машиныг зам дээр домакратаас эхлүүлээд авто замын хяналт, зам хэрэглэгч бидний буруутай үйлдлээс болж зам эвдэрсэн тохиолдол ч цөөнгүй харагддаг.
  6. Авто замын салбарт хүмүүс нэг их мэддэггүй ч салбарын анхаарлын төвд байнга байх ёстой нэг чухал асуудал бол зам, засвар арчлалт. Бүх шатандаа барих асуудлуудыг ярьдаг ч заримдаа засах асуудал нь бодлогын гадуур өнгөрчих гээд байдаг. Миний бодлоор одоо зам засварын асуудал нь зам барихаасаа илүү чухал байх цаг ирж байна. Тиймээс үүнд анхаарал хандуулах хэрэгтэй.
  7.  Улсын төсвөөс хараат бус бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Миний бодлоор ийм боломж байгаа л гэж харж байна. Одоо манай авто замын салбарт хамгийн их шинэчлэх, хүмүүсийн ойлголтыг өөрчлөх шаардлагатай асуудал бол энэ. Энэ ажлыг зоригтой хийгээд явах хэрэгтэй. Ингэж чадвал зам засварын хөрөнгийг хуваарилах аргачлалаа үүссэн эвдрэлд бус илүү үр дүнд чиглэсэн байдалд шилжүүлэх боломж бүрдэнэ.
  8.  Санхүүжилтийг компанийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд суурилсан хэлбэрээр олгодог.  Өнөөдөр хэрхэн зохион байгуулдаг вэ гэхээр таны хариуцаж байгаа зам эвдрэл ихтэй байвал илүү санхүүжилт, эвдрэл багатай бол бага санхүүжилт олгох замаар явж байгаа. Энэ нь нэг талаараа шударга юм шиг хэрнээ нөгөө талаараа таны хариуцаж байгаа ажил эвдрэл ихтэй байвал танд санхүүжилт ахиу авах боломж бүрдэнэ гэж ойлгогдоод байгаа юм. Энэ нь логикийн хувьд алдаатай байна гэж харагддаг.  Тэгэхээр эвдрэлийн хэмжээнд бус замын урт, насжилт, хөдөлгөөний эрчим зэрэгт тулгуурлаж олгодог байх нь засвар арчлалтын чанарт болон хариуцлагын тогтолцоонд илүү нэмэр болох учиртай.
  9.  дэлхийн ямар ч хот авто замаа нэмж бариад түгжрэлийг шийдвэрлэсэн түүх байхгүй. Миний бодлоор төвлөрлийг сааруулах замаар түгжрэлийн асуудлаа шийдвэрлэх нь өртгийн хувьд ч, манай газар нутгийн онцлогийн хувьд ч илүү үр дүнтэй. Тийм боломж манай орны хувьд бий.
  10. Өөр анхаарах зүйл гэвэл бид сүүлийн жилүүдэд бүх шатандаа зам барих асуудалд онцгой анхаарсан. Ингэхээс өөр арга байгаагүй. Үүний ачаар олон мянган км хатуу хучилттай замтай болж, одоо бараг бүх аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. Харин одоо зам засварын асуудал зам барихаасаа илүү чухал байх цаг ирж байна. Үүнд салбарын удирдлагууд онцгой анхаарах байх.  Бид тэр болгон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар нийгэмд, олон нийтэд хүргээд байж чаддаггүй.Тулгарсан асуудлыг шийдэхийн төлөө дор бүрнээ ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn