Б. ОЮУНЗУЛ

Энэ өдөр дэлхий дахинд олон үйл явдал болжээ. Манай орны хойд хөршийн хувьд их хөл хөдөлгөөнтэй үйл явдлууд өрнөжээ. 1881 онд Оросын хаан II Александер ордныхоо ойролцоо алагдсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн 1940 онд Орос, Финландын хооронд өрнөсөн өвлийн дайн өндөрлөсөн байна. Герман улсын хувьд 1943 онд цэргүүд нь Краков хотын еврей хорооллыг хэсэгчлэн хаажээ. Харин манай орны хувьд 1921 оны энэ өдөр Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн их хурал хуралдаж Ардын түр засгийн газрыг байгуулахаар болжээ. Хурлын төлөөлөгчид "Монгол ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар" хэмээн нэрлэхээр болсон байна. Оросын цэргийн жанжин Барон Роман Фон Унгерн Штернбергийн удирдлага дор Монголд нэвтэрсэн гамингуудыг хөөн гаргав. Ингэснээр Монгол Улс дахин тусгаар тогтносон. Мөн 1871 онд Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин Манлайбаатар Дамдинсүрэн 1921 онд нас баржээ.

Түүний талаар товчхон мэдээллийг та бүхэнд хүргэе. Дамдинсүрэн нь Хөлөнбуйр нутгийн уугуул Барга монгол хүн бөгөөд Шинэ баргын Шулуун цагаан хошууны суман занги хүн байсан. 7-8 наснаасаа нутгийн бичээчээр манж, монгол бичиг заалгаж сураад туслах бичээчийн ажил хийх болжээ. Удалгүй авьяаслаг залуу Дамдинсүрэн сумын жинхэнэ занги болон дэвшиж улмаар Манжийн хаанд 1908 онд бараалхахаар очжээ. Тэр үед Бээжинд ирээд байсан Халхын Түшээт хан аймгийн ханжин Ханддоржтой танилцсан байна. Дамдинсүрэн нутагтаа буцаж ирээд Ханддоржтой танилцсанаа итгэлтэй хүмүүстээ ярьж байсан гэнэ. Дамдинсүрэн Чин улсын шинэ Засгийн бодлогыг колоничлох шинж чанарыг гүнзгий ойлгож байсан тул түүнийг эсэргүүцэж байсан. Баргад тэр үед өрнөсөн улс төрийн үйл явдал нь Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг сэргээх санаачлагыг бүрэн дэмжиж байлаа. 1911 оны есдүгээр сард баргын ноёдын нууц хуралдаан болж Манж, Хятадаас салан тусгаарлах асуудлыг хэлэлцэж, зэвсэгт бослогод бэлтгэх шийдвэр гаргаж, цэрэг элсүүлэн зохион байгуулж 1912 оны эхээр зэвсэгт бослого гаргаж, түүнийг толгойлогчдын нэг Дамдинсүрэн тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг нийслэл Хүрээ рүү томилон явуулжээ. Дамдинсүрэн Богд хаант Монгол Улсад нэгдэхээр баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд одоогийн Улаанбаатарт ирсэн ба Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон байдаг. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхиүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнуулсан юм. 1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байсан. Дамдинсүрэн бол зөвхөн цэргийн жанжин төдийгүй Монгол Улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа. Тэр 1913 оны гуравдугаар сард Монгол, Төвдийн гэрээ байгуулахад, 1914 онд Монгол, Орос, Хятад улсын этгээдийн гэрээ хэлэлцээ эхлэхэд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож байлаа. 1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан Хиагтын хэлэлцээрт Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж монгол үндэстний нэгдмэл нэгэн улс байх байр суурь дээр тууштай зогсож байлаа.

Энэ байр суурийг Орос, Хятадын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур татсан нь Монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн эцэст Монгол автономит улс болж, ихэнх барга Бүгд Найрамдах Хятад улсын бүрэлдэхүүнд үлдсэн. Хоёр их гүрний тулган хүлээлгэсэн гурван улсын хэлэлцээр нь олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаарыг Гадаад Монгол гэдэг нэртэйгээр автономит эрхтэй, байлгах болсонд Дамдинсүрэн Монголын нийт ард түмний нэгэн адил хилэгнэж байлаа.

Эх сурвалж www.zms.mn