Т.БАТСАЙХАН

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Тавантолгойг хувьчлах асуудалд эсрэг байр суурьтай байдаг улстөрч.   Гэтэл “Эрдэнэс Таван толгой” компанийн тодорхой хувийг хувьчлах, олон улсын зах зээлд гаргах асуудал яригдаж эхэлсэн.   Энэ үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан зарах шийдвэрийг парламент гаргасан. Энэ бол  2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоол юм.   Харин 2019 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоол гарч, дээрх 73 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх гэж оролдож байна.  Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр зарахаар ярьж байна.  Уг нь тогтоолд Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэсэн байна.  2018 оноос  хойш компанийн хувьд хэд хэдэн чухал үйл явдал боллоо. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаад эхэлсэн.

2019 оны цэвэр ашиг болох нэг их наяд төгрөгнөөс 800 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгсөн. Урагшаа явдаг 250 км, зүүн тийшээ 414 км төмөр замын санхүүжилтээ шийдсэн. Нэг нь энэ  онд, нөгөө нь ирэх онд ашиглалтад орох байх.  Ингээд нэгэнт ашигтай ажиллаад, төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөөд, Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөөд эхэлсэн компанийг зарах ямар шаардлага байгаа юм бэ.  Үүнийг л яриад байгаа юм.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн  ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ гэдэг хүн ч над дээр орж ирсэн.  “Манай компанийг улстөрчид зүгээр байлгахгүй юм. Дахиад 30 хувийг хувьчлах талаар яриад эхэллээ” гээд зарим, баримт мэдээллийг өгсөн.  Би өмнө нь 2015 онд УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-г 100 жилээр 100 хувь үнэгүй зарах гэж байсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын  бүлэглэлийн хуйвалдааныг зогсоож байсан.  Тухайн үед УИХ-ын 40 гишүүн маань миний талд байсан учраас энэ ордыг авч үлдэж чадсан юм.  “Эрдэнэс Тавантолгой” тухайн үеийн ажилтнууд ч  компаниа авч үлдэхийн төлөө байсан шүү дээ.

-Одоо яригдаж буй хувьчлалын асуудал цаг үе, нөхцөл байдлын хувьд арай өөр юм. УИХ-ын тогтоолыг үндэслээд Засгийн газраас шийдвэр гаргасан.  Компанийн 30 хувийг нь олон улсын зах зээлд гаргана гэсэн?

-Яахав.   Нөхцөл байдал нь сайжирсан гэж харж байна. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар 100 хувь үнэгүй өгөх байсан бол  У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар 30 хувийг нь нэг тэрбум ам.доллараар заръя гэж байгаа юм. Гэхдээ мөн чанар нь адилхан.   “Эрдэнэс Тавантолгой” бол Монголын ард түмний компани. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1930 онд олоод 1990 он гэхэд хайгуулыг нь хийж дуусаад ашиглах байсан орд.  Зургаан тэрбум 700 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрстэй. Одоогоор 2.3 сая иргэн энэ компанид хувьцаа эзэмшиж байна. Хувьцаа эзэмшигчид ирэх тавдугаар сард  ногдол ашгаа хүртэхээр хүлээж байна.  200 тэрбум төгрөгөөсөө ногдол ашиг өгөхөөр болж, 1072 хувьцаанд 94490 төгрөг ногдож байгаа. Ордын нөөцийн тал хувь нь ойролцоогоор 3350 сая тонн болно.  Үүнийг компанийн өнгөрсөн жил борлуулсан нүүрсний хэмжээнд хуваахад   ойролцоогоор 209 жил ашиглах нүүрс тэнд байгаа гэсэн үг.  Энэ тооцоололд “Энержи ресурс”, орон нутгийн Тавантолгойн нөөц, олборлолтыг оруулаагүй.  Зарим нөөцийг эцэслэн батлаагүй байна. Тэгэхээр цаашид ч Тавантолгойн ордын олборлолтын хугацаа, нөөц, ашиг өсөх магадлалтай юм.  Гэтэл энэ ордынхоо 30 хувийг ганцхан тэрбум ам.доллараар борлуулна гэдэг байж болохгүй асуудал.   Энэ хувьчлал Монголын ард түмэн ашиггүй, харин дарга нарт л ашигтай байх.

-Салбарын сайд нь энэ асуудалд хэт улс төрийн өнцгөөс хандаж байна гэсэн тайлбар хэлээд байна л даа?

-Ямар улс төр байх вэ. Энэ миний, чиний бид бүгдийн  компани.  Бидний компанийг тэд маш хямд зарах гээд байна шүү дээ.  Д.Сумъяабазарын олж ирэх гээд байгаа нэг тэрбум ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид ганцхан жилийн дотор олж байна.  Цаашид 208 жил ашиглах 70 тэрбум ам.долларын нөөцийг нэг л жилийнх нь орлогоор зарахыг эсэргүүцэж байна.  Би өөрийнхөө болон түмний өмчийг  хамгаалж байна.  Бидний хувьцаа эзэмшдэг компанийн тодорхой хувийг зарахдаа яагаад биднээс асуухгүй байгаа юм.  Засгийн газарт шууд тийм шийдвэр гаргах эрх байхгүй.

-УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох төслийг  АН-аас өргөн барьсан байна.  Ингэхээр асуудал цаашид яаж үргэлжилнэ гэсэн үг вэ?

-Хэрэв  МАН-ын парламент тогтоолын төслийг хүлээж авахгүй бол Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын тогтоол болно. Яагаад гэхээр өнгөрсөн арваннэгдүгээр сард өөрчлөн баталсан Үндсэн хуулийн үйлчлэл ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр УИХ-ын 73 дугаар тогтоол хүссэн хүсээгүй хүчингүй болно.  Мөн Ашигт малтмалын тухай хууль хүчингүй болно. Үндсэн хуулийн 6.2-ыг тусгахын тулд шинэ Ашигт малтмалын тухай хууль оруулна гэсэн үг.  Тэгэхээр хуучин хуулийг дагаж гарсан ашигт малтмалыг хувьчлах бүх тогтоол мөн хүчингүй болж байгаа.   Үүнийг  МАН-ын парламент хийж чадахгүй байсан ч шинэ гарсан Их хурал хуулийн хүрээнд  шийдээд явах боломжтой.   Тэгэхээр одоо хувьчлахаар зүтгэгчид Үндсэн хуулийн үйлчлэлээс өмнө асуудлаа шийдэхээр улайрч байна.  Тавдугаар сарын 25-наас хойш Д.Сумъяабазар дураараа дургиж чадахгүй.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялгийг төрийн өмч мэтээр УИХ-ын гишүүд, Засгийн газар нь мэдэж зардаг байдлыг болиулсан. Тэгэхээр МАН ухамсарлаад өөрсдөө 73 дугаар тогтоолоо хүчингүй болгочих хэрэгтэй л дээ.

-Монголын талд ашиггүй гэдгийг та ярьж байна. Тэгвэл хувьчлалын ард ямар эрх ашиг байгаа гэж хардаж байна вэ?

-Анх УИХ-ын 73 дугаар тогтоол батлахад таван тэрбум ам.доллараар зарна гэж байсан. Ингэж байж парламентаар зөвшөөрүүлдсэн байдаг.  Гэтэл тэр нь явсаар   бүүр нэг тэрбум ам.доллар болоод ороод ирлээ.     Мэдээж үүний ард  хэн нэгний том эрх ашиг байна.  Манай олигархууд ч авах гэж байгаа юм бил үү.  Тэгээд таваар зарах гэснээ  болиод нэгээр зарахаар болсон ч юм бил үү. Ийм луйвар байж болохгүй.

-Таныг “Страто” компанитай хамаарал бүхий гэж ярьдаг л даа.  Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар л  гүтгээд байдаг. Түүнээс биш тэр компанитай ямар ч хамаагүй гэдгийг хуулийн байгууллага тогтоочихсон.  Би цагдаад өргөдлөө өгөөд шалгуулсан.  Тийм мэдээлэл тараасан хүмүүс хуулийн хариуцлага хүлээгээд явсан асуудал.

-Удахгүй Үндсэн хуулийн өөрчлөлтүүд хүчин төгөлдөр болно. Таны хувьд  энэ удаагийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хамгийн хэрэгтэй нэг заалт орсон нь байгалийн баялагтай холбоотой 6.2 дахь хэсгийн заалт юм.  Энэ хуулийн заалтын үйлчлэлээр Д.Сумъяабазар шиг хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-г дур мэдэн зарж чадахгүй, ард түмэнд хэрэгтэй чухал заалт боллоо.  Харин бусад заалтын тухайд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүссэн өөрчлөлтүүд ороогүй. Уг нь сонгуулийн тогтолцоо,  гишүүдийн тоо гэсэн зүйлүүдийг дараагийн 30 жилийн хугацаанд гар хүрэхээргүй өөрчилчих байсан юм. Гэвч  МАН тухайлсан өөрчлөлтүүдийг хийж чадсангүй гэж хардаг.

-Та 2020 оны сонгууль нэр дэвшихээ мэдэгдсэн.  Энэ удаагийн сонгуулийн хууль, үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Сонгуулийн хууль өмнөх жилүүдийнхтэй адилхан орж ирсэн.  Харин зарцуулах мөнгөний  тоог өндөр тогтоосон байна.  Уг нь бодлогоор бууруулж оруулж ирэх  ёстой байлаа. Манайд дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотойгоор их зардал гардаг нь үнэн. Гэхдээ ийм их байж болохгүй. Эрх баригчид өөрсддөө ашигтай хувилбарыг сонгож байна.  Би 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ.  Хаанаас вэ гэдгээ бодож байна. Өвөрхангай аймагт дэвшинэ гэж ярьж байх шиг байна.  Гэхдээ  АН-ын даргын ахлах зөвлөхийн хувьд сонгуулийн үеэр энд байх шаардлагатай байна.   Тэгэхээр нийслэлд дэвших хувилбар ч яригдаж байгаа.

-Та АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаад удаагүй байгаа. Намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна.  Танай намаас ямар  хөтөлбөр дэвшүүлж ажиллах вэ?

-Халамж өгөөд өрсөлддөг байдал ард хоцорсон, өнгөрсөн зууны асуудал. Энэ зуунд ажлын байр хэрхэн олныг бий болгох уу гэдэг дээр л мөрийн хөтөлбөр боловсруулан өрсөлдөх хэрэгтэй.  МАН өнгөрсөн сонгуулиар 21 аймагт 100 үйлдвэр байгуулна гэж амалж байлаа.  Одоо нэг ч үйлдвэр бариагүй байгаа. Харин ч ашигт малтмалыг ашиглаж, ажлын байр бий болгодог 68 үйлдвэрийн хаалгыг нь барьчихлаа.  Манай намын үед 3000 км засмал зам барьж байсан.  Харин МАН хасах -160 км зам барьсан. Дархан- Улаанбаатар чиглэлийн 200 гаруй км автозамыг устгачихсан. Харин Налайх руу 30 гаруй км зам тавьсан байна.  Тэгэхээр -160 км болж байгаа биз.  Тэгэхээр намууд бүтээн байгуулалт хийх, ингэхдээ ажлын байр бий болгоно гэж өрсөлдөх ёстой.  Түүнээс биш социолизмаар уу, капитализмаар явах уу гэдэг сонин биш байна.  Мөн өнгөрсөн хугацаанд олон шинэ нам төрлөө.  Эд нар маань амжилт олъё гэвэл яаж олон үйлдвэр ажиллах нөхцлийг бүрдүүлж олон мянган хүнийг ажлын байртай болгох вэ. 200 мянган малчин өрхийн малаас гарч байгаа түүхий эдийг яаж бүтээгдэхүүн болгоод экспортлох уу гэсэн бодит төсөл ярьж, уралдана уу гэхээс тэнгэрийн юм яриад хэрэггүй л гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.10 МЯГМАР № 46 (6271)