А.ДОРЖХАНД

Уртын дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, улсын начин С.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Та нэг уулын хүмүүс  чанга дуутай байдаг гэж хэлсэн  байсан. Бага насны тань  дурсамжаас  ярилцлагаа эхлэе?

-Би Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн  талд төрсөн.  Аавынхаа нутгаар Тонхил сум гэж явдаг.  Тал нутгийн үнэгний үс шар сортой уулын үнэгнийх хар сортой байдагчлан нутаг нутгаас хамаарч бидний амьдралын  хэв маяг өөр байна л даа. Уулын хүмүүс чанга дуутай байхаас  өөр аргагүй юм. Хонио өдөржин ууланд хариулахад дуулж чимээ өгөхөөс ямар ч өөр арга байхгүй.Хэрэв тэгэхгүй бол хад асгатай ууланд тасраад алга болчихно   эсвэл хээрийн амьтан хүртчих гэмтэй.Тиймээс  баруун аймгийн уртын дуу дундаас дээш аялгуугаар дуулдаг.  Аав ээж хоёр минь хоёулаа сайхан дуулда байсан. Мөн  аавын минь талын хүмүүс биерхүү хүмүүс байдаг.  Багадаа би их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Барилдчихмаар ч юм шиг. дуулчихмаар юм шиг. Би түүндээ   аав ээжийнхээ хийж амжаагүйг гүйцээж яваа гэж боддог. Тэдэндээ зориулж шүлэг бичсэн аав  хэрэв дуулсан бол надаас илүү дуулах , илүү барилдах байсаан гэж бичсэн.

-Таныг ховорхон авьяастай хос морьтой хүн гэдгийг ард түмэн мэднэ.Оны өмнө зуун  дуутай цомог гаргасан гэсэн  энэ талаараа тодруулаач?

 -Монголчууд бидний өв соёл зан заншил гэдэг гайхалтай сайхан шүү дээ. Хүүхдүүдэдээ  үлгэр сонсгож өсгөдөг тэндээс  уян зөөлөн  сэтгэлтэй болж өсдөг. Бид байгальтайгаа ойр байдаг учир дуулах өгөгдөхүүнтэй үндэстэн. Аливаад аядуу зөөлөн аажуу тайван байхыг сургадаг. Уртын дуугаа  бид хээр хөдөө морин дээр дуулахад морины алхаа хүртэл өөр болдог. Үүнээс гадна морио услахдаа хүртэл исгэрдэг. Энэхүү гаргасан цомог маань орчин үеийн залуусыг үндсэнийхээ урлагийг ойлгоосой гэсэндээ дан уртын дуугаар бүрдсэн. Цомогоо  гаргахын тулд уртын дууны талаар нэлээдгүй судалгаа хийсэн.Эртний  бунханаас ч уртын дууны үг олдсон байдаг.Эрэгтэй хүмүүс ихэнхдээ уртын дууг дуулдаг байсан ч болов уу ч гэмээр зүйлс тааралддаг. Мөн Өвөрмонголд би  багшилж байсан. Тэнд уртын дуу баруун Алтайн дуучид шиг өнгө дээшээ авч дуулдаг. Үүнээс үзэхэд уртын дуу гэдэг бол тэр чигтээ гүн ухаан юм. Тухайлбал “ Эр бор харцага” дууны тухайд а х дүү хоёрыг нэг нэгнээ мөрөөдсөн дуу, бөхийн дуу ч гэдэг. Харин дуулж үгийн утгыг нь ухаж ойлговол сайн эр хүний ухаарлын дуу шиг санагддаг. Гэхдээ харцага бол хамгийн иртэй шувуу.

Арслангийн зулзага нь

Агуландаа хүчтэй

Амраг хайртай тэр минь

Мань юу даа эрхтэй хэмээн дуулдаг. Мөн  Эрдэнэ засгийн унагыг Дагийранз гуай Тунгалаг тамир кинон дээр дуулдаг  хуучин аялгуугаар нь дуулж бичүүлсэн. Бөх   уртын дуутай адил  үндэсний цогц соёлыг агуулж байгаа юм. Дэвээ шаваа, засуул цол дуудах  гээд. Бөхийн барилдаан  эхлэхэд “Өвгөн шувуу”-гаа хоёрыг дуулдаг.  Нэг зүйлийг хэлэхэд уртын дууг заяасан дуучин  дуулахаас заалгасан хүн болгон  дуулдаггүй ч, гэдэг.

 -Та  “Үхэж үл болно” киноны Чилгэр бөх буюу түүхэн дурд тоглосон шүү дээ?

-Энэ кинонд анх би Жамухын дүрд проб өгсөн. Харин дараа нь Чилгэр бөхийн дүрд тоглосон.  Энэ дүрд тоглосондоо их баярлаж бэлгэшээж  явдаг.  Мэргэжлийн жүжигчин хүн биш ч  би тамирчин хүн учраас алдаа гарахгүйн тулд их хичээсэн. Өвөрмонголын киноны Чилгэр бөхөөс  арай өөр гаргахыг зорьсон. Учир нь тэдний хийсэн ижил дүр нь их аймхай юм шиг санагдсан.Их хааны хатныг аваачсан тэр тусмаа гурван мэргэдийн дайчин баатар хүн. Бөртэ үжинийг аваачсан хойноо их хүндэлж харьцаж байсан гэж бичигдсэн байдаг. Кинон дээрээ хэдий  эсрэг дүр ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн байна лээ . Киноны хамгийн сонирхолтой хэсэг нь Зүчийг төрж байхад Тэмүүжинтэй байлддаг хэсэг юм. Түүхэн кино хийе гэвэл илүү олон сэдэв байна.  Мөн Намхай аваргад зориулсан Харьшгүй хүчит  кинонд Чүлтэм аваргын дүрд тоглосон боловч санхүүжилтээс болоод дэлгэцэнд гараагүй л байна.

-Таны  барилдаж байсан үеийн дурсамжаас хуваалцъя?

-Тэгэлгүй яахав. Тухайн үед ид барилдаж байгаа аварга арслан гэх мэт дээд цолтой бөхчүүд нь залуучууд биднийг удирдаад явчихдаг байв. Жаахан сахилга бат тааруу нэгийгээ доод даваанд авч барилдаад хэд унагаачихаар л цаад залуу бөх нь хүмүүжчихнэ. Ахмад бөхчүүдээсээ гараа дэвээг нь хүртэл суралцана.  Миний санаанаас гардаггүй олон сайхан барилдаанууд бий. Үүний нэг нь Д.Цэрэнтогтох аваргатай хийсэн барилдаан маань юм. Аваргыг нэг, удаа барьцгүй цохиж татаад давчихсан байв. Дараа дахиж таарч барилдахдаа давсандаа урамшаад аваргатай   нэлээн үзэв. Тэгтэл Цээеэ аварга уурлаад миний шуудагнаас өргөөд шидчихсэн. Тахимаа авахдаа “ Амар юм болох нээ “ гэж байв. Түүнээс хойш аваргыг илүү их хүндэлдэг болсон. Өөр нэгэн барилдаан бол Х.Баянмөнх аваргатай барилдсан барилдаан сэтгэлээс гардаггүй. 1985 онд аварга 40 гарчихсан би дөнгөж хорин хэдтэй байлаа. Барилдах гээд өртөл аварга амандаа дуу аялаад байв. Болоогүй юм байна гэж бодтол дуулаад урдаас дайраад байдаг. Инээх гэхээр айгаад инээж  болдоггүй аваргын урдаас үзсээр байгаад унаж билээ. Намайг барилдахын өмнө Хүрэлбаатар заан хаях мөрөөрөө хаяхгүй дуу дуулаад байхдаа  яадаг юм гээд байсныг нь ойлгож билээ.

-Д.Баяраа заан та хоёрын барилдаан  үзэгчдийг их догдолуулдаг  байсан гэдэг?

-Бид хоёр сайн найзууд бие биенийхээ арга барилыг дэндүү сайн мэддэг байлаа. Д.Баяраад би сэнжигдүүлчихвэл харин би элэг бүсдчихвэл хэцүү.  Бид хоёрын барилдаан хаялцахгүй нэг удаа цаг дөчин минут үргэлжилж байв. Үеийн залуучууд бүгд л сайн  байлаа. Нас чацуу хоёр бөхийн хэн мэдрэмжтэй авъяастай нь   давдаг. Өөрөөсөө илүү хүнтэй барилдаж байж л илүү сайжирна . Миний үеийнхэн цолонд шунаж барилдаггүй байв.Д.Баяраа  бид хоёр улсын наадамд хоёр удаа тавын даваанд таарч  байлаа. Нэг дурсамжыг ярихад Баяраа намайг амлав. Тэр жилийн өвлийн спартикадаар бид хоёрын давааны харьцаа  би илүү байлаа. Баяраа маань шар торгон далбаатай тэр нь хонхор ухлаадас лавтай учир суганы барьц авахад надад амар байдаг.Гэтэл барилдах гээд гартал Б. Ганбаатар арслангийн улаан далбааг өмсөөд гараад ирлээ. Тухайн үед залуу байсныг ч хэлэхүү Ганбаа  мэдсээр байж далбаагаа өгчихлөө гэж уур хүрч барилдахдаа тэгэх тусам нь давна даа гэж бодоод гарав. Барилдаан эхлээд Баярааг хөөж явтал өөдөөс ганцхан давхар хамаад хаячихаж  билээ. Хэт их шатаж  барилдсанаас алдаа гаргаж байхгүй юу. Тэрнээс урьдных шигээ золгосон бол юу гэж давхар хамуулах билээ.Д. Ганбаатар арслантай ч мөн дотно сайхан үерхдэг байлаа. Тэр улсад түрүүлээд, дараа жил нь улсын аваргаар түүний дараа бүх ард түмний спартикадаар түрүүлсэн аваргын энэтэй бөх. Бид хоёр наадмын урьд өдөр хамт хоночихоод цэнгэлдэх рүү хамт явдаг байлаа.

-Таныг  ч мөн зааны энтэй начин  байсан гэдэг шүү дээ?

-Би улсын наадамд анх  барилдаад улсын начин болж  байлаа. Улсын шигшээ  багийн тамирчин байсан учир наадмын маргааш нь  Солонгос улс руу  тэмцээнд явах байлаа. Тиймээс санамсаргүй очоод барилдчихсан хэрэг. 1982 оны наадам шүү дээ жинсэн өмд футволктой  очоод барилдчихсан. Эхний давааг давчихаад маргааш нь хоёрын даваанд их хүйтэн бороотой өдөр таарсан. Учраа бөх маань эрт оччихсоноос даарчихсан байсан учир би  амар давчихсан. Дөрвийн даваанд ам сонссон Дүвчин багш намайг амлачихсан байв.Ам сонсчихоод хүүхэд байсан болохоор элдэв юм бодсонгүй хуушуур эргүүлээд явж байтал Ш. Чанарав багш дуудаад “Чамайг сайн хүн амласан байна. Шуудганд хүртлээ үзээрэй сайн барилдана шүү”гэв. Багшийн үг хууль болохоор барьц автлаа барилдаад  тонгороод  давчихсан. Энэ үед ёстой өөртөө итгэж ядаж байлаа.  Ээж аав минь сонсож байгаа болов уу гэж хамгийн түрүүнд бодогдсон. Хүний дээл өмсөж гуйгаад начныхаа тэмдгийг авч байлаа. Багшийг шүтэхгүйгээр тамирчин хүн амжилт гаргана гэж байхгүй. Ш.Чанарав багш бол барилдааны өндөр мэдрэмжтэй хүн. Багшаасаа  их ч зүйл сурсан. Заан цолны тухайд бол Бүх ард түмний наймдугаар спартикадаар нийт 33 барилдаж 29 давсан уг нь тус наадамд  27-гоос дээш давбал улсын заан  цол олгоно гэсэн болзлыг хангасан ч надад уран барилдааны шагнал өгчихөөд  цол өгөөгүйд жаахан  харамсаж явдаг. Тэр жил Б.Ганбаатар арслан түрүүлж билээ. Ер нь  бөх хүн авсан цолондоо дүүрэн байх гэсэн бодолтой барилдаж явлаа даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.10 МЯГМАР № 46 (6271)