С.УЯНГА

Дэлхий дахинд шинэ коронавирусын халдвар эрчимтэй тархаж 108 улсад бүртгэгдэж, тохиолдлын тоо 110276 болсныг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Сүүлийн өдрүүдэд 24 цагийн дотор 98 хүн нас барсан. Иран, Итали улсад нэг өдөрт 1000-аас дээш халдвар бүртгэгджээ. Харин Өмнөд Солонгост дэгдэлт буурах хандлага ажиглагдаж байгаа ч  367 тохиолдол нэмэгдэж, 19 мянга гаруй хүн шинжилгээний хариугаа хүлээж байгаа юм.

Агаарын солилцоогүй учраас онгоц халдвар авах өндөр эрсдэлтэй

Коронавирустай холбоотой ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд зорчсоноос үүдсэн байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд COVID-19-ийн тархвар зүйд судалгаа хийж үзэхэд шинэ тохиолдлын 60 гаруй хувь нь өвчлөл гарсан улс оронд зорчсон өгүүлэмжтэй байгаа. Аялал жуулчлал нь шинэ коронавирусын халдварыг тарааж буй гол зам болоод байна. Халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байсан Вьетнам улсад Лондонд аялаад ирсэн 30 хүн нэг дор онгоцонд халдвар авсан нь тогтоогдлоо. Тиймээс халдвар гарсан улс оронд аялахгүй байх. Онгоцоор зорчихгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

Улс орнууд халдвараас сэргийлэхийн тулд амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн, халуурсан бол өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага тавьж байгааг мэргэжлийн байгууллагууд онцоллоо.

Сүүлийн өдрүүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй.  Мөн олон улсын хуралд оролцоод ирсэн Ремакс компанийн 16 хүн гуравдугаар сарын 7-нд ажиглалтад орсон. Эхний шинжилгээгээр тэднээс коронавирус илрээгүй. Эдгээр хүмүүсийг үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт хяналтыг хийж байна. Гуравдугаар сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдлаа. Агаарын солилцоо байхгүй. Ойр суудаг учраас онгоцоор аль ч чиглэлд нисэх нь халдвар авах өндөр эрсдэлтэй” гэдгийг анхаарууллаа.

ГХЯ: Солонгост суралцдаг оюутнуудын визэнд хүндрэл үүсэхгүй

Энэ удаагийн хэвлэлийн хуралд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг оролцож мэдээлэл өгсөн юм. Тэрээр “БНСУ, Япон улс, Эрхүү, Улаан-Үүд чиглэлийн нислэлийг цуцалсан шийдвэрийг гуравдугаар сарын 28-н хүртэл сунгахтай холбоотойгоор Солонгос, Япон улсад байгаа манай иргэдийн зүгээс “Яаралтай эх орондоо буцмаар байна” хэмээн ЭСЯ, Консулын газарт хүсэлтээ гаргаж байгаа. Тиймээс бодит нөхцөл байдлыг танилцуулах нь зүйтэй байх. Өнөөдрийн байдлаар БНСУ дахь ЭСЯ-нд 120 гаруй иргэн өргөдлөө өгсөн байна. Бид өргөдөл бүрийг УОК-т танилцуулах болно. МИАТ болон бусад авиа компаниас авсан мэдээллээр энэ сарыг дуустал 3000 зорчигч билетээ бичүүлсэн байна.

БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иранд 14 хоногийн хугацаанд зорчсон иргэд ирсэн даруйдаа өөрийнхөө зардлаар 14 хоног тусгаарлагдах горим мөрдөгдөж байна.

Гадаадад байгаа олон тооны иргэнийг авчирсан тохиолдолд тусгаарлах байрны асуудал маш хүнд байна. Өмнө нь ирсэн иргэд тусгаарлах байранд янз бүрийн асуудал гаргаж байгаагаас гадна зардал мөнгөө төлөхгүй гэдэг зөрчлүүд өдөр тутам гарч байгаа” гэлээ.  Түүнчлэн Солонгост байгаа иргэд эх орондоо ирэх боломж нь нээлттэй. Москвагаас эсвэл Берлинээр дамжиж  ирэх боломжтой юм байна.

Солонгост байгаа гэрээт ажилтнууд болон оюутнуудын визийн асуудал дээр ГХЯ ажиллаж байгаа талаар Консулын газрын дарга “Оюутнуудын визийг сунгах боломжтой талаар Солонгосын талтай  тохиролцсон. Энэ жил анх удаа БНСУ-д суралцахаар виз авсан оюутнууд визийн хүчинтэй хугацаандаа явж амжаагүй бол виз мэдүүлгийн төвүүдээр дамжуулаад Улаанбаатар дахь Солонгосын ЭСЯ-нд хандах боломжтой. Амралтаараа ирсэн оюутнууд болон оршин суух хугацаа нь дуусахаас өмнө буцаж очиж чадахгүй байгаа оюутнуудын хувьд сургуульдаа нөхцөл байдлаа хэлээд сургууль нь цаашаа Цагаачлалын албанд хандаж визийг нь сунгуулах боломжтой болсон. Оюутнуудын хувьд сандрах, тэвдэх зүйл байхгүй. Гэрээт ажилтнуудын хувьд мөн адил визийг нь сунгах боломжтой. Харин 90 хүртэлх хоногийн визээр очсон иргэдийн асуудлыг эхнээс нь шийдвэрлэж байгаа. Нислэгийг сэргээх хугацааг хойшлуулсан учраас дахин Солонгосын талтай яриа хэлэлцээ хийх шаардлага үүсэж байна” гэлээ.

Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй иргэн оршин сууж байгаа. Шенгений бүсийн орнууд хоорондоо чөлөөтэй зорчдог учраас тэнд байгаа иргэдийн нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхаарууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.10 МЯГМАР № 46 (6271)