Т.БАТСАЙХАН

Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэгтэй ярилцлаа.

-Та бол маш олон төрлөөр уран бүтээл хийдэг хүн. Зураач, барималч, дизайны чиглэлд ч хийсэн бүтээлүүдийг тань олон нийт мэднэ.  Харин сүүлийн үед Чингисхааны цогцолбор барих төсөлд идэвхийлэн ажиллаж байгаа юм байна.  Энэ ажил тань хэр ахицтай байна вэ.  Үүнээс яриагаа эхлэе?

-Миний үндсэн мэргэжил дизайнер юм.  Тиймдээ ч хийж бүтээж байгаа бүхэн маань хүссэн хүсээгүй нийгмийн салбартай холбогдож байна.   Зүгээр зураг зураад, баримал хийгээд явбал өөр л дөө.   Зөвхөн өөртэйгөө яриад л бүтээлээ гаргаад болоо.  Хэн юу гэж хэлэх ямар ч хамаагүй.  Харин би энэ замыг сонгоогүй  юм.  Үйлдвэрлэлийн дизайны чиглэлд илүү ажиллах ёстой юм байна гэж бодсон.  Энэ нь улс төр, бизнес, эдийн засгийн төвшинд нөлөөлдөг учраас нийгэмд илүү хамаатай байгаад байдаг.

Тэгэхээр хийж бүтээж буй бүхнийг  минь зарим нь ойлгодоггүй.  Сайн муугаар хэлдэг, шүүмжилдэг.  Нэг хэсэг нь бүүр хүлээж авахыг ч хүсдэггүй.  Ийм л уур амьсгал дунд уран бүтээлээ хийдэг хүн.  Хамгийн сүүлд эхлүүлсэн Чингисхаан цогцолборын төслийг маань ч сайн муугаар яриад эхэллээ. Тэр дундаа Андлалын өргөөний тухай ярьж байна. Энэ цогцолборыг зөвхөн хэлбэр төдий хараад зорилгыг нь ойлгохгүй байна. 

-Ямар зорилготой бүтээл юм бэ?

-Нэгдүгээрт, аялал жуулчлалын цогц хөтөлбөрийн эхлэл гэдгийг нь харах хэрэгтэй.  Мөн түүхэн дээр Чингисхаан хүнд хэцүү үе буюу найман шарга морио алдчихаад эрэлд явж байхдаа Боорчитой танилцсан байдаг. Наху баяныд олон хоног саатаж буцахдаа аавынх нь зөвшөөрснөөр  Боорчитой анд барилдсан түүхтэй.  Үүнээс хойш насан эцэс хүртлээ үнэнчээр нөхөрлөсөн. Энэ тухай нууц товчоон дээр тодорхой гардаг шүү дээ.  Үүн шиг үнэнч  нөхөрлөл өнөө цагт үгүй байна. Тийм учраас бид энэ нутгаас эхэлж, Андлалын өргөөгөөр дамжуулан эрчүүдийн оюун санааг сэрээж байгаа юм.Энэ бол цэвэр оюуны санааны төсөл юм. Өнгөц хараад шүүмжлэх хэрэггүй гэж хэлмээр байна.

-Ямар ч сайн бүтээл шүүмжлэл дагуулж л байдаг.  Та шүүмжлэлд хэр эмзэг уран бүтээлч вэ?

-Анх Цонжинболдогийг хийж байхад янз бүрийн дайралт ирсэн.  “Энэ бүтэхгүй, болохгүй. Ийм том хөшөө Монголд байтугай дэлхийд хэцүү ш дээ.  Д.Эрдэмбилэг ээ наад мөрөөдлөөсөө сал гэсэн хандлагууд байсан. Цаасан дээр зураг байхад л над руу “Удахгүй нурна, мориныхоо эрүүн доор тулгуур хийхээс өөр аргагүй  болно” гэж мэргэжлийн хүмүүс ч надад хандаж байсан.   Аливааг эхлүүлэх гэж байгаа хүнд ийм хандлагууд сайхан байхгүй л дээ.  Гэхдээ дасдаг л юм билээ.  Майдарыг мөн л шүүмжилж байна.  Зөв юм хийж байгааг минь мэдсэн мөртлөө муулаад суудаг. Гэхдээ тэр болгонд мохдоггүй.  Ер нь нийгэмд хамаатай бүтээл бүхэн ямар нэгэн байдлаар шүүмжлэл дагуулдаг.  Үүний нэг шалтгаан нь тэр хүн үнэхээр урлагийн хүн мөн бол нийгмээсээ багадаа 5-50 жилээр түрүүлж сэтгэсэн байдаг.  Тэрийг нь яг одоо амьдарч байгаа хүмүүс цочиж хүлээж авдаг.  Энэ нь нэг талаасаа уран бүтээлчийн зовлон нөгөө талаасаа жаргал.  Тухайлбал, Эфилийн цамхаг байна.  Тухайн цаг үедээ маш их шүүмжлэл дагуулж байлаа.  Парис хотын иргэд “Энэ өндөр хүчдэлийн антеныг буулга, манай хотыг гутааж байна” гэсэн эсэргүүцлийг удаа дараа тавьж байлаа.  Одоо ч зарим иргэд шүүжилсэн хэвээр.  Тэгэхээр жижиг сажиг эсэргүүцлээс айгаад байвал дэлхий дээр урлаг хөгжих ямар ч  боломжгүй юм.   

-Эргээд Хэнтийд баригдаж байгаа Чингисхаан аялал жуулчлалын цогцолборыг яръя л даа.  Улс орон бол аялал жуулчлалаа хөгжүүлнэ, эдийн засгаа дэмжинэ гэлээ. Улс төрийн ч зорилго байхыг үгүйсгэхгүй. Маш олон эрх ашиг огтлолцож байгаа байх.   Харин тэр дундаас Д.Эрдэмбилэг гэдэг хувь уран бүтээлчийн Чингисийн цогцолбор барих зорилго юу юм бэ?

-Нөгөө л нийгмийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэх мөрөөдөл минь юм шүү дээ. Манай Монгол Улсад уул уурхай гэдэг том салбар түрээд ороод ирлээ.  Яг үнэндээ бусад салбар дарагдаж байна.  Дэлхийн түүхийг харахад уул уурхайн баялагтай атлаа алдаа гаргаж, ядарсан зүдэрсэн түүх олон бий.  Тэгэхээр энэ түүхийг Монгол Улсад давтахгүйгээр даван туулах ёстой. Уран бүтээлч гэхээсээ илүү иргэн хүний хувьд би ингэж боддог.   Манай улсад боломж бололцоо байна. Ямар ч уул уурхайгаас илүү урт настай, газар ухахгүй, илүү бага зардлаар өндөр ашиг хүртээх салбар бол аялал жуулчлал юм.    Ойрын хэдэн жилийн хугацаанд их ярьсан даа.  Харин энэ Засгийн газрын үед бодлого тавьж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Түүчээ буюу эхлэлийг  Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлүүллээ. Аялал жуулчлалын цогцолборын загвараа гаргаад, хөрөнгө мөнгийг нь шийдэж байна. Хүч гаргаад уран бүтээлчдийг дайчилж байгаа.  Төрийн зүгээс ингэж хандаж байгаа нь  уран бүтээлч бидэнд их л таатай байна.  Одоо үүнийг олон нийт маань ойлгох хэрэгтэй.  Зөвхөн Хэнтий аймаг дээр төсөв тавиад байгаа юм шиг битгий хар л даа.  Бид билэгдэлээ, түүхээ бодсон ч Чингис хаан гэдэг бэлэн брэнд байна.  Үүнийг санаатай,  санаандгүй олон жил дарлаа. Хойд, урд хоёр хөрш маань энэ хүний нэрээр брэнд бүтээгээд эхэлсэн. Гэтэл төрсөн нутаг, гал голомт нь зориуд юу ч хийхгүй байсан нь алдаа.   Энэ алдааг засахын тулд уран бүтээлч гэхээсээ илүү иргэн хүний хувьд зүрх сэтгэлдээ хөтлөгдөн оролцож байгаа.  Хэнтий аймгийн цогцолборын дараагаас Хөвсгөл аймаг байна.  Өмнөговь аймагт динозавр, баялагийн томоохон музей ч нээх боломжтой. Баруун аймгууд руу язгуур урлаг угсаатны ёс заншлын аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Зүүн бүсэд эмийн ургамал  эрүүл мэндэд чиглэсэн бүтээн байгуулалтыг хийж болж байна.  Ингэж бүсчлэн хөгжүүлэх төлөвлөгөө, зорилт гарчихсан байна.

-Норовлин суманд Шихихутаг Их засаг гэсэн цогцолбор байгуулж байна.  Үүний утга санаа юуг илэрхийлэх вэ?

-Бид ганцхан морин дэл сэлэм бариад давхиад байсан үндэстэн биш шүү дээ.  Хуулийг бичгэн дээр буулгаж түүнийгээ мөрдүүлж дэлхийг эрхшээж байсан гайхам түүхтэй ард түмэн. Үүнийг бид нотлох хэрэгтэй. Цаашлаад Дадал сумын нутагт Чингисийн  тахилын сүм байгуулна. Энэ нь ямар нэгэн шашины биш жинхэнэ монгол хүний тахилыг гадуураа ган төмөр каркастай модерн чиглэлийн дизейнтайгаар бүтээнэ. Үүнийг ч мөн шүүмжилж л байгаа. Уг нь бид аялал жуулчлалын “алтан цагираг” –тай болох гээд зүтгээд байгаа юм шүү дээ. “Андлалын өргөө” баригдаад гүйцэтгэл нь 80 хувьтай явж байна. “Их засаг, Шихихутаг” цогцолборын хөшөө дурсгалын ажил эхэлсэн. Харин Чингисийн тахилын сүм нь бичиг цаасны ажил дээрээ буюу Азийн хөгжлийн банктай гэрээ хийх шатандаа явж байна.

-Уран бүтээлч бүтээлч хүн улс төр талдаа ч учраа олоод бүтээлээ туурвиад явна гэсэн бас нэг давуу тал юм. Та энэ тал дээр ямар хандлагатай байдаг вэ?

- П.Жасрай гуайн үед л хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэж яригдаж байлаа.  Түүнээс хойш л үе үеийн Ерөнхий сайдуудад итгэсэн.  Цаашдаа ч бид итгэсээр л байх биз. Одоогийн Засгийн газарт аялал жуулчлалыг дэмжиж байгаад нь баярлаж байна.  Гэхдээ нэг талдаа учраа олчихоор нөгөө талдаа асуудал үүсэх юм. Зарим хүн асуудлыг хэтэрхий хэлбэр талаас нь хараад агуулгын олж харахаа больчихсон байна. УИХ-д ч гэсэн гишүүд  нь хэлэлцэж буй асуудлыг уншиж ойлгоогүй байж шүүмжлээд байдаг. Түүнтэй ижил хөшөөний төсөл хараад л шүүмжлээд байж болохгүй. Харагдах байдлаасаа харагдаж буй ч цаана нь оюун санааны бүтээн байгууламж бий гэдгийг бүрэн ойлгох хэрэгтэй. Миний сурсан Москвагийн их сургуульд таван жил юмыг ерөнхий харахыг заадаг. Ерөнхийд нь хараад сурчихна гэдэг бол улс орон удирдаж буй хүмүүст маш чухал чанар. Детал дараа нь хийчихэж дөнгөнө.  Тэгэхээр аливаа зүйлийг ерөнхийлөн харж сурна гэдэг бас нэг төрлийн авъяас юм шүү.

-Та “Майдар хот” төсөл дээр ажиллаж байгаа.  Нийгэмд чиглэсэн бүтээл гэхээр хот төлөвлөлтийн инженерчлэл ч мөн багтах болов уу.  Улаанбаатарын өнөөгийн өнгө төрхийг юу гэж хардаг вэ?

-Хот төлөвлөлт гэхээр манайхан нөгөө л хэлбэрээ яриад эхэлдэг.  Хот бүхэлдээ агуулгатай,  философитой байх ёстой. Яагаад гэвэл энэ чинь өөрөө органик юм.  Хүн зүрхтэй, судастай байдагтай яг адилхан.  Одоо бол хэдэн арван жилийн төлөвлөгөө гаргаад тэдэндээ мастер энэ тэр гээд гоё нэр өгчихдөг.  Гэтэл тэр нь хэрэгжээд шинэчлэгдээд байгаа зүйл харагддаггүй. Харин тэрний оронд энэ амьтай зүйлээ яаж тэжээх юм, ямар биеийн тамираар хичээллэх юм, зэрэг нийгмийн талаас нь үе үеийн удирдлагууд боддоггүй.  Мөн дагавар хот гэж ярьдаг.  Түүнийгээ юу түшиглэж байгуулах гэж байгаа юм, үр өгөөж нь юу юм, юу үйлдвэрлэх вэ  гээд цогц бодлого чухал байна.  Түүнээс биш зөвхөн барилга цогцолбор бариад хот болчихгүй.  Одоо бол хотыг аврах ганц арга нь  орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх л арга байна даа.

-Гэтэл залуучууд орон нутагт биш хотод амьдрах хүсэлтэй байна шүү дээ?

-Үүнийг төр засаг анхаарах хэрэгтэй. Тэнд ажлын байр бий болгочих.  Амьдрах таатай орчныг нь бүрдүүлчих.  Өндөр цалин өгчих.  Тэгвэл юу гээд л хот руу орж ирэх гээд дугаарлаж байхав дээ.  Яагаад бид хөдөө аж ахуйн улс орон байж, түүнийгээ хөгжүүлж болохгүй гэж. Органик сүү, мах, хоормогоо хот руугаа нийлүүлнэ.  Гадаадаас ямар ч хүнс авах шаардлагагүй болно. Бид органик хүнсээ хэрэглээд байхад ямар ч вирусээс айхгүй гэдгийг энэ цаг үе харуулж байна. 

-Таныг сүүлийн үед автомашин бүтээхээр ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Би үйлдвэрлэлийн дизайны чиглэлд нэлээд зүйл хийх мөрөөдөлтэй хүн юм. Монголчууд ядаж ган халбага, кофены аягаа хийчихдэг баймаар байна.  Гэтэл одоо шүдний чигчлүүрээ ч гаднаас авдаг.  Тэгэхээр юм үйлдвэрлэдэггүй орон бас сүйрчихдэг.  Бололцоотой бүхнээ үйлдвэрлэх л ёстой. Их л олон жил автомашины салбар дээр орох нь зүгээр юм байна гэж бодсон.  Бид автомашин үйлдвэрлэх бүрэн боломжтой орон. Саяхнаас гадаадын үйлдвэрийн суурин гээд Моза гээд монгол машин хийгээд эхэллээ.  Би тэдэнтэй хамтарч ажиллана гэж бодож байна. Автомашины үйлдвэрийг дагаад маш олон үйлдвэрлэл хөгжих боломжтой. АНУ-ын “Форд” үүнийг баталдаг.  Ингэж улс хөгждөг гэдгийг харуулдаг. Эхний ээлжинд Германы компанитай хамтраад “Чингис хаан” нэртэй автомашиныг гаргахаар ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.5  ПҮРЭВ  № 43 (6268)