Б.НАМУУНТАМИР

“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдэдээ 96480 төгрөгийн ногдол ашиг өгөхөөр болсон талаар мэдээлж байсан. Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөг олгох болсонтой холбогдуулан даваа гариг бүрийн 13:00 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 1072 мэдээллийн төв болон онлайнаар бүртгэж буй системээр 80 мянган иргэн шинээр бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна. Мөн түүнчлэн 1072 хувьцааны дансаа цахимаар бүртгүүлцгээе аянг эхлүүлж байна гэв.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Энэ сарын 2-ныг хүртэл компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн санхүүгийн эрсдэл үүсэхгүй гэдгийг өмнө нь хэлж байсан. Гуравдугаар сарын 2-ноос хойш төлөвлөгөө тасалдах, ямар нэгэн эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болж байна. Зүүн Цанхиас 580 мянган тонн нүүрс Цагаан хадан дээр буюу давхар экспортолсон. Баруун Цанхиас 1.1 сая орчим тонн нүүрс Цагаан хаданд буулгасан. Зарим хэсгийг нь экспортолсон. Иймээс нэгдүгээр болон хоёрдугаар сарын эрсдэл багатай давлаа. Үүнийгээ дагаад экспортын орлого тасалдах, борлуулалтын орлого буурах, үр ашгийн хэмжээ багасах төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаа эрчимтэй явуулах боломж хомсдож байна. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Монгол Улсаас гадна дэлхийд бий болчихлоо. Компанийн нэн тэргүүний бодлого бол үндэсний эрх ашиг, монгол хүний эрүүл мэнд. Иймээс бид эрсдэлийн төлөвлөгөөгөөрөө нөхцөл байдлыг даваад гарах бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар нийт сая 660 мянган тонн нүүрс экспортлоод байна. “Эрдэнэс Тавантолгой” компани эрсдэлийн төлөвлөгөөгөөр ажиллаж, бүх худалдан авалтаа зогсоож, өргүй зардлаа багасгаад байна.

Хэрэв энэ сарын 15-наас хойш нүүрсний экспортоо эхлүүлэхгүй бол эрсдэл үүсэхээр байна. УОК-иос энэ сарын 15-наас хойш экспортыг эхлүүлэхээр удирдамж өгсөн. Энэ хүрээнд тээврийн компаниуддаа хандан бэлтгэл ажлыг хангаж байна. Тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ариутгалын ажлыг автомашинд хийж, жолооч нарыг буулгахгүйгээр нүүрсээ буулгаад ирэх зохицуулалт хийж байна. Үүнтэй холбоотой бүх зардлыг манай компани хариуцна.

Манай компанийн удирдлагууд хөл хориотой үед Өмнөговь аймаг руу зорчоогүй. Мөн намайг их хэмжээний мөнгө тээвэрлэж авч явсан гэх мэдээлэл гарах болсон. Миний бие энэ компанид 11 жил сэтгэл зүрхээ гарган ажиллаж байна. Ямар нэгэн байдлаар компанийн үйл ажиллагаанд хориод учруулах зүйл хийхгүй. Надад их хэмжээний мөнгө байхгүй худал мэдээлэл гарах болсныг шалгуулах болно. Манай компанийн үйл ажиллагаа хэсэг бүлэг хүнд хамааралтай бус 2.6 сая хувьцаа эзэмшигчдийн хяналтад үйл ажиллагаагаа явуулж байна. Анх удаа 2019 оны ногдол ашгаа бүх хувьцаа эзэмшигчиддээ өгч байгаа. Ашигтай л ажилласан бол ногдол ашгаа их ч бай, бага ч бай авах нь бизнесийн хатуу хууль. Ямар нэгэн улстөрийн болон хувийн ашиг сонирхол байхгүй, эхлүүлсэн төслийнхөө эцсийг үзэж, хөгжүүлэхийн төлөө л ажиллаж байна” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn