С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаар ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ДЭМБ-аас коронавирусын дэгдэлт сар шинийн эхний өдрүүдэд оргилдоо хүрнэ. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн хүмүүсийн тусгаарлах хугацааг 14 хоногоор сунгахыг анхааруулжээ. Энэ талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн байдлаар 73331 тохиолдол, 1872 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 нас баралт гараад байна. Эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас тав нь нас барсан. Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн. Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрч буурах хандлагатай байна.

Маш хүнд гэж оношлогдсон өвчтөнд нас баралт 49 хувийн байгаа.  Нэгдүгээр сарын 20-нд халдварт өвчний болон хөл хорио тогтоох тухай хуульдаа өөрчлөлт оруулж, COVID-19 халдварыг хоёрдугаар зэргээр бүртгэж эхэлсэн. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа” гэв.  ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал ” БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн. Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан” хэмээн хэллээ.

ЭМЯ-ны зүгээс иргэдийг аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутаг хооронд зорчихгүй байхыг зөвлөсөөр байна. Мөн халдвар гарсан улс оронд зорчиод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгч байгааг хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn