С.САРУУЛ

Дэлхий нийтэд эрчимтэй тархаж байгаа коронавирусын халдвараар өнөөдрийн байдлаар /2020.02.11/ 43099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барлаа. Тэгвэл коронавирусын халдвар Монголд бүртгэгдээгүй ч эрсдэл маш өндөр байгаа учраас иргэдийг анхаарал болгоомжоо илүү дээшлүүлэх хэрэгтэйг албаныхан хэлж байна. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусын халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан.  Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн. ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Өмнөх туршлагуудаас харахад вирусийн тархалт 2-4 сар үргэлжилж байсан. Шинэ коронавирусийн эмчилгээний тухайд өвөрмөц эмчилгээ байхгүй, эмнэлзүйн эмчилгээнүүдийг хийсээр байгаа. Тухайлбал, амьсгал дэмжих, хүчилтөрөгч өгөх гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn