Ц.МЯГМАРБАЯР

Хүн төрөлхтний ирээдүйн нэгэн чухал хэсэг болох хиймэл оюун ухааны хөгжил жилээр биш сараар, бараг өдрөөр улам бүр урагшилсаар байна. Харин тэдний тэсрэлтэд бид бэлэн байна уу. Олон салбарыг “эвдэж”, олон мэргэжлийг “устгахын” зэрэгцээ цаг, хүч, хөдөлмөр болон хөрөнгө хэмнэх олон давуу талыг бидэнд авчрах хиймэл оюун ухааны дайралт улам бүр эрчээ авчээ. Өнгөрсөн онд дэлхийн 20 сая хүний ажлын байрыг хиймэл оюун ухаант роботууд өмнөөс нь бүтээх болсон тухай мэдээлэл цацагдаад байна. Технологийн энэ тэсрэлт чухам юу болох талаар салбар бүрээр онцлон хүргэхээр “Инноваци” буланг эхлүүлж байна.
Дижитал шилжилт уул уурхайг илүү аюулгүй, үйлдвэрийн осолгүй, бага хэмжээний хог хаягдалтай, хүрээлэн буй орчинд ээлтэй, олборлолт ба үйлдвэрлэлийн илүү өгөөжтэй болгон өөрчилнө. Энэ шилжилт шинээр ажлын байр бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлэх хэдий ч уламжлалт ажлын байрны үүргийг бууруулна. Өөрөөр хэлбэл, хайгуул, өрөмдлөгө, ачих буулгах, холбоо харилцаа, тээвэр, хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээ нь уламжлалт ажлын байрыг робот, механикжуулалт, дижитал технологиор солигдоно.Эдгээр чиглэлд ажиллаж байсан хүмүүс эзэмшсэн чадвараа өөрчлөхгүй бол ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. Ийм суурь шилжилт ойрын 5-10 жилд уул уурхайн салбарт явагдана гэдгийг дэлхийн эдийн засгийн форум нотлож 2015 оноос дижитал шилжилтийн санаачлага гаргаж хэрэгжүүлж байна. Уг санаачлагаас 2017 онд гаргасан “Уул уурхай, метал үйлдвэрлэл дэх дижитал шилжилт” тайлан гаргасан. Энэ тайланд дурдсанаар Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ буурсан буюу өндөр хэлбэлзлэл бий болсон, ажиллах хүчний чадварын дутагдал, улам нэмэгдэж буй түүхий эдийн популизм, хэрэглэгчийн шаардлага нэмэгдсэн нь үндсэн хүчин зүйлээс шалтгаалан уул уурхайн салбар “шинэ хэвийн байдал” руу орлоо гэж дүгнэсэн. Шинэ хэвийн байдал макро эдийн засгийн хүчин зүйлээс гадна асар хурдан өөрчлөгдөж буй дижитал технологийн нөлөөгөөр бий болсон. Уул уурхайн салбарыг өнөөдрийн царцанги байдлаас гаргаж, илүү үр өгөөж бүхий “шинэ хэвийн байдал” руу оруулахад дижитал технологи шийдвэрлэх үүрэгтэй. Энэ дижитал шилжилтийг дараах дөрвөн хүрээнд хийх аж. Нэгдүгээрт, автоматжуулалт, робот, үйл ажиллагааны хатуу дэд бүтэц. Хоёрдугаарт, дижитал технологиор холбогдсон ажилчдын схем. Түүнчлэн хоорондоо нэгдсэн уялдаатай үйлдвэрлэл, платформ, үйл ажиллагааны орчин. Мөн мэдээллийн задлан шинжилгээ, тоон технологи гэсэн хүрээнд хийх тухай судлаачид хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин