Х.ОЮУНБОЛД

Монголын тулааны шилдэг тамирчны холбоо үүсэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд  Чингисийн цом Монгол туургатны холимог тулааны аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах болсон талаар мэдээллээ. Холбооны дэд ерөнхийлөгч   Г.Батхүү “Тэмцээнд ОХУ-ын Халимаг, Буриад, Тува, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны тамирчид оролцож байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа тулаанд 18 тамирчин хүчээ сорьж Бөхийн өргөөний дэвжээнд тулалдана. Тодруулбал, цомын төлөө дөрөв, аваргын бүсийн төлөө нэг тулаан хийнэ. Харин үлдсэн дөрөв нь чансаагаа ахиулахын төлөө тулалдана” гэв. Чингисийн цомын төлөө таван минутаар гурван үеэр тоглох мэргэжлийн тулааны 57 жинд Өвөрмонголын тамирчин З.Дэлгэр, Буриад улсын чөлөөт бөхийн аварга Бадмацырен Доржиев, 61 жинд Халимагийн тулаанч Васильев Денис, Монголын тулаанч Б.Азжавхлан, 66 жинд Тува улсын тамирчин, дэлхийн кикбоксын аварга Саая Солангы, Монголын тамирчин Б.Энх-Оргил, 70 жинд Өвөрмонголын тамирчин Хай линг, Монголын 83  жингийн холимог тулааны хоёр удаагийн  аварга Б.Бүрэнзориг нар тулалдах юм байна. Түрүүлсэн тамирчинд Чингисийн цомыг гардуулах энэ тэмцээн маргааш 18:30 цагт Бөхийн өргөөнд болно. Холбооны удирдлагууд 10 жилийн ойд зохион байгуулж байгаа монгол туургатны холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнд энэ тулааныг сонирхдог хүн бүхнийг  ирж тамирчдаа дэмжихийг хүсч буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn