Орчуулсан Д.ЭНХЭЭ

Халимаг улс оросын дорно дахины судлалын томоохон төв болж байна. Үүнийг Элстэй хотноо Халимагийн улсын их сургуулийн бааз дээр “Дорно дахины сүлжээт судлал: цаг хугацаа, орон зай дахь монгол, түрэг угсаатны харилцан үйлдэл” сэдвээр болж өнгөрсөн олон улсын эрдэм шинжилгээний III бага хурлын үр дүн харуулж байна. Их сургуулийн удирдлагын онцолж тэмдэглэснээр 13 орны зуу гаруй дорно дахин судлаачдыг нэг дор цуглуулсан томоохон цар хүрээ бүхий энэ арга хэмжээ зөвхөн шинжлэх ухааны төдийгүй, мөн дорныг баримжаалсан Орос улсын бодлогыг урагш ахиулахад стратегийн хувьд илүү өргөн ач холбогдолтой болсон ажээ. Энэ талаар Российская газета сонинд Руслан Мельниковын бичсэнийг орчуулан хүргэж байна.

-Орос улсын анхаарал Дорно зүгт улам бүр төвлөрч байгаа бөгөөд Халимаг улс чухамдаа өрнө, дорнын ертөнцийг холбох чухал цэг болдог. Үүний хамт Хятад, Энэтхэг, Монголын болон Азийн бусад улс орны их дээд сургуулиудтай бат бэх холбоо харилцаатай болохоор дорнын чиглэл дэх стратегийн зорилтуудыг шийдвэрлэхэд Халимагийн Улсын их сургууль тун оновчтой таарч тохирч байгаа юм. “Халимагийн бүгд найрамдах улс Оросын Холбооны Улсын дорнын вектор дахь хил дамнасан бүс нутаг болох нь” хэмээх стратегийн төслийн хүрээнд дорно дахины судлаачдын форум болсон явдал тохиолдлын биш ажээ. Энэхүү цогц төсөл шууд хэд хэдэн чиглэлээр хэрэгжих боломжийг бүрдүүлэх юм байна. Нэгдүгээрт, дорнын улс орнуудтай тогтоосон соёл, нийгэм, эдийн засгийн холбоо харилцааг хөгжүүлэхэд тус дэм үзүүлнэ. Хоёрдугаарт,  бүс нутаг дахь үндэстэн, ястан хоорондын харилцааг төгөлдөршүүлж, үндэсний соёлын өвийг хадгалахад дэмжлэг үзүүлж, угсаатны соёлын аюулгүй байдлыг хангана. Үүнээс гадна тус их сургууль Оросын боловсролын экспортын чадамжийг хөгжүүлэхэд оролцож, гадаад дахь орос хэл, соёлын төвүүдийн сүлжээг өргөтгөнө. Энэ бүхэн бидэнд “Дорно дахин судлал” хэмээх шинэ чиглэлийг их сургуульдаа нээхийн төлөө өрсөлдөх боломжийг нэгэнт олгож, яваандаа эдийн засагч, санхүүчдийн хувьд Санкт-Петербург, Сочигийн эдийн засгийн форумууд чухал байдгийн нэг адил Халимагийн их сургуульд болох форумууд янз бүрийн улс орны дорно дахины судлаачдын хувьд чухал талбар болох ёстой. Ер нь бидний бүр том зорилт бол Орос улсын Өмнөд хэсэгт дорно дахин судлалын иж бүрэн төв байгуулах явдал хэмээн Халимагийн их сургуулийн захирал Бадма Салаев хэтийн төлөвлөгөөнөөсөө хуваалцав.

Элстэйд болж өнгөрсөн форумыг амьдралынхаа сүүлийн жилүүдэд Халимагийн их сургуульд ажиллаж байсан, дэлхийд нэртэй эрдэмтэн, монгол, түрэг судлаач, профессор Валентин Рассадины мэндэлсний 80 жилийн ойд зориулсныг тус их сургуулийнхан онцлон тэмдэглэж байсан. Үнэн хэрэгтээ талын бүгд найрамдах улсын нийслэлд ийм том цар хүрээний арга хэмжээг бэлтгэх гол санаачлагч нь энэ эрдэмтэн байжээ. Профессортой хамт ажиллаж байсан хүмүүсийн онцолж байгаагаар Валентин Иванович Халимаг улсыг үндэсний хийгээд шашны хосгүй өвөрмөц төлөв байдлыг агуулсан бөгөөд халимаг-ойрдын угсааныхан бол түрэг ард түмнүүдийн олон зуун жилийн холбоо харилцааны үнэт туршлага бүхий ард түмэн. Чухам тиймийн  учир Халимагийн их сургуульд түрэг-монголын соёл иргэншлийн орон зайн олон улсын төв үүсэн байгуулагдах ёстой хэмээн үздэг байжээ.

Валентин Рассадин бүр хүүхэд байхын хэл сурах гоц авьяастай нэгэн байсныг хамт ажиллаж байсан нөхөд нь дурсан өгүүлж байна. Дайны үед тэр ээжийнхээ хамт немцийн бөөнөөр хорих лагерьт хоригдсон бөгөөд тэнд байхдаа герман хэл ярианы учрыг өөртөө маш сайн шингээн ойлгож чаджээ. Хожим нь тэрээр бусад эрдэмтдийн хийж чадаагүй ажил болох герман хэл дээрх суурь бүтээлүүдийг орос хэлнээ хөрвүүлсэн аж. Дөрөвдүгээр ангид сурч байхдаа Валентин Рассадин анги нэгт татар хүүхэдтэй харилцаж ярилцсаар бие дааж татар хэл сурчээ. Офицер аавыгаа дагаж цэргийн ангиудаар явж байхдаа янз бүрийн үндэстэн ястны цэргүүдтэй танилцаж, ой тогтоолт гайхалтай сайн байсны ачаар олон хэлний язгуур үндсийн учрыг маш сайн тайлж чаджээ. Дээд сургуульд элсэн суралцах үестээ Валентин Рассадин аль хэдийн 7-8 хэл эзэмшсэн байжээ.

-Аав маань хурц сэргэлэн ухаантай, тал бүрийн хөгжилтэй хүн байсан. Тэрээр хэл шинжлэлийн ухааны гайхалтай бүтээлүүд өвлүүлж үлдээсэн төдийгүй янз бүрийн улс үндэстний эртний түүх домгийг маш сайн мэддэг байсан. Намайг таван настай байхад аав намайг анх удаа анд дагуулж явсан юм. Нэг удаа нугас агнахаар зэгсэн дунд хонохоор хэвтэж байх үеэр тэнгэрт түгсэн оддын тухай тофлар домгоос ярьж өгсөн юм. Шөнийн тэнгэрт түгсэн үй түмэн од нэг бүрийн тухай үлгэр домог байдаг хэмээн эрдэмтний хүү, Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын монгол, будда, төвөд судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Игорь Рассадин дурсан өгүүлэв.

Дашрамд өгүүлэхэд, Сибирийн үндэстэн ястны цөөнхийн нэг болох тофларуудад Валентин Рассадин онцгой өвөрмөц ханддаг байжээ. Чухам тэр өөрөө тэдгээр үндэстэнд зориулан бичиг үсэг зохиож, түүгээр ч барахгүй тофлар бүсгүйтэй гэр бүл болсон аж. Одоо энэ угсааны хүний тоо 600-700-гаас хэтрэхгүй болжээ. Тэгэрдээ хэлээ мэддэг нь зуу хүрэхгүй болсон байна. Валентин Рассадины бүтээлүүд энэ хэлийг ул мөргүй мөхөж алга болохоос сэргийлсэн ч байж болох. Тийм ч учраас Элстэйд болсон форумын үеэр тофларын талаар нэг бус удаа дурдсан байх. Үүнээс гадна тофлар хэлийг суурь болгож, багш нарт зориулсан сургалтын тоглоомыг ч мөн форумын үеэр зохион байгуулжээ.

-Тофларчуудад зориулан Валентин Рассадин бичиг үсгийн цагаан толгой зохиосон бөгөөд харин бид түүнд нь тулгуурлан хэл сурах тусгай картууд (хүснэгтүүд) бий болгосон. Тофлар хэлний цагаан толгойн жишээн дээр бид шинээр хэлний сургалтын стандарт бус аргыг зааж үзүүлсэн. Энэ арга зүйгээр хүүхдийг ямар ч хэлэнд элдэв дарамт шахалтгүйгээр сургаж болно. Хүүхдүүд багаараа сонирхол татахуйц тоглож наадахад шинэ зүйлийг илүү идэвхтэйгээр таньж мэддэг болохоор ийм арга барил (чиг хандлага) ихээхэн үр ашигтай байдаг юм хэмээн Мэргэжлээр хөгжүүлэх олон улсын төвийн захирал, Эстонийн эрдэмтэн Светлана Шершун өгүүлэв.

Ингэхэд, эх хэлээ хадгалж хамгаалах асуудал Халимагт ч мөн тулгамдаж байна. Энэ үүднээс авч үзвэл янз бүрийн улс орны дорно дахин судлаачдын харилцан яриа хөөрөө багагүй ач тус авчирч болох юм.

-Би монгол, түрэг үндэстний үлгэр туульсын уламжлалыг судлах асуудлаар дагнан мэргэшиж байгаа, аман зохиолоор дамжуулан угсаатны уламжлалт хэл, соёлыг устаж алга болох эрсдлээс сэргийлэн хамгаалж болно гэж боддог. Гагцхүү аман зохиол л өвөг дээдсийнх нь соёлын баялаг өвийг өсвөр залуу үеийнхэнд үзүүлж харуулах боломж олгодог. Би яг одоо халимагийн “Жангар” туульсыг унгар хэлнээ орчуулж байгаа бөгөөд үүндээ үндэслэн халимагуудын сүсэг бишрэл, уламжлалын онцлогийг хавсралтаар дэлгэн харуулахыг хичээж байна. Халимагийн ард түмний тухай зүгээр нэг өгүүлж ярих гэдэг нэг хэрэг, харин туульсаар дамжуулан түүний хосгүй өвөрмөц шинжийг харуулна гэдэг огт өөр зүйл юм. Энэ бол хавьгүй илүү сонирхолтой ажил хэмээн Унгарын угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Давид Шомфай Кара итгэл дүүрэн байна.

Бүхэлдээ Халимагийн Улсын их сургуульд болж өнгөрсөн форум асуудлыг олон талаас авч хэлэлцсэнээрээ гайхалтай. Дэлхийн өнцөг булан бүрээс Элстэйд хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд монгол хэлний олон янз байдлаас эхлэн түрэгийн үлгэр домогт охид бүсгүйчүүдийг төрөлжүүлэн ангилдаг хүртэлх маш олон асуудлыг авч хэлэлцсэн. Гэхдээ Халимагийн их сургуулийн бааз дээр түшиглэн дорно дахин судлаач шилдэг тэргүүлэх эрдэмтдээс бүрдсэн эрдэм шинжилгээний хамтлагуудыг байгуулсан явдал форумын гол үр дүн болсон байх. Түрэг-Монголын соёлын уулзвар дээр хэл шинжлэл, аман зохиол, түүх судлалын асуудлаар нэн даруй нягт ажиллаж эхлэх гурван бүлэг хамтлаг аль хэдийн байгуулагджээ. Ингэхдээ эрдэм шинжилгээний эдгээр шинэ хамтлаг тусгайлсан грант болон мегагрантын төлөө өрсөлдөх ажээ.

Эх сурвалж: www.polit.mn