Х.ОЮУНБОЛД

Спортын төв ордонд Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит өсвөр үе, залуучуудын олон хотын тэмцээн өчигдөр эхэллээ. Барилдаан ид өрнөж байгаа зааланд кимоно өмссөн хүүхдүүд татами дээр барилдах нь харагдана.  Энэ үеэр хот хөдөө болон ОХУ-ын Якутаас ирсэн 30 гаруй багийн тамирчид оролцож байгаа тэмцээнийг шүүж байгаа жүдо бөхийн олон  улсын шүүгч Д.Бадарч “Тэмцээний нэг онцлог нь дэлхийн жүдогийн өдөр, 1989 онд дэлхийн аваргын медалийг Д.Баттулга, О.Балжинням авсны 30 жил, 2009 оны Х.Цагаанбаатар дэлхийн аваргаас алтан медаль авсны 10 жилийн ойтой давхцаж байгаа явдал юм. Түүнчлэн мод тарья хөдөлгөөнийг өрнүүлж байгаа нь энэ тэмцээний өөр нэг онцлох үйл явдал” гэв. Өмнө нь  Өвөрхангайд болдог байсан тэмцээнийг энэ жил анх удаа нийслэл хотод зохиож байгаа тэмцээнд 347 тамирчин оролцож байгаагаас 200 гаруй нь эхний өдөр барилдаж хүчээ сорилоо.Тамирчид нь барилдаж байгаа Якутын багийн  ерөнхий дасгалжуулагч Г.Дамдиндорж “Тэм­цээнд оролцохоор 16 тамирчинтай ирсэн.Мөн энэ тэмцээнийг  дэлхийн, Ази, Европын аварга шалгаруулах тэмцээний түвшинд биш ч орос болон монгол тамирчид харилцан туршлага солилцох  боломж гэж харж байна” гэсэн юм. Энэ тэмцээнд түүний ахалж ирсэн  багийнхан дотор энэ жил Европын өсвөр болон дэлхийн өсвөрийн аваргаас хүрэл  медаль авсан нэг эмэгтэй тамирчин 48 кг-д барилдахаар ирсэн байна. Бусад нь өсч, туршлага сууж яваа тамирчид ажээ. Түүнээс гадна Г.Дамдиндорж  гавьяат багш Ч.Насантогтохын урьснаар өсвөр үе, залуучуудын олон хотын тэмцээнд оролцож байгаадаа манай хүүхдүүд ч сэтгэл их өндөр байгаа гэв.  Харин түүний дагуулж ирсэн тамирчид бүгд өсвөр насныхан  учраас тэмцээний эхний өдөр барилдаад  өнөөдөр буцаж байгаа юм. Тэрээр “Дараа жил Якутын улсын аварга шалгаруулах  тэмцээний өмнө болдог бүсийн тэмцээн эсвэл аварга шалгаруулах тэмцээн давхцахгүй бол ирнэ” гэж байлаа. Энэ үеэр зааланд барилдаан эхэлж тэнд барилдахаар болон хөгжөөн дэмжихээр ирсэн бусад тамирчин татами дээр гарсан нэгнээ дэмжиж уухайлах нь анхаарал татна. -50 кг-д барилдаж өрсөлдөгчөө давсан Архангай аймгаас ирсэн  Н.Мэндсайхан “Манай гэр бүл бөхийн удамтай. Би үндэсний бөхөөр барилддаг байсан. Гэхдээ одоо жүдогоор барилддаг. Энэ тэмцээнд оролцохын өмнө өнгөрсөн сарын 23, 27-нд Казахстанд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож VII байр эзэлсэн гэв.

Жүдогоор хичээллээд гурван жил болж байгаа Н.Мэндсайханы гол хэрэглэдэг мэх нь тохож, түлхэх гэсэн. Тэрээр “Энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж хоёр жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох  эрх авсан гэсэн. Мөн энэ тэмцээнд барилдаж байгаа тамирчдыг харахад сайн барилддаг бөх байна гэв. Харин эмэгтэйчүүд “-40”, “+70” кг-д, эрэгтэйчүүд “-50”, “+90” кг-д барилдсан тэмцээн өчигдөр өндөрлөсөн юм. Ийнхүү жилд нэг удаа болдог “Өсвөр үе, залуучуудын олон хотын тэмцээн” өнөөдөр залуучууд барилдсанаар өндөрлөнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.10.29  МЯГМАР  №214  (6181)