Б.ДОЛЖИН

Гүржийн нийслэл Тбилис хотод сонгомол, чөлөөт бөхийн энэ оны Мастеруудын ДАШТ энэ сарын 8-13-нд болж байна.  Чөлөөт бөхийн төрөл буюу “В” (41-45 нас), “Е” (56-60 нас) ангиллын барилдаанд манай улсаас зургаан бөх зодоглосноос дөрөв нь хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, “Е” ангиллын 88 кг-ын жинд ОУХМ Б.Бат, “В” ангиллын 62 кг-д спортын мастер Ж.Хурц, 78 кг-д спортын мастер Б.Баянсан, 88 кг-д ОУХМ Д.Ганбат нар хүрэл медаль хүртсэн байна. “Тулгат” клубын тамирчин ОУХМ Д.Ганбат мастеруудын ДАШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ. Тэрээр өмнө нь “Белград-2014”, “Валбжих-2016”, “Скопье-2018”-аас хүрэл медаль авч байсан билээ. Харин ОУХМ Б.Бат өнгөрсөн жил Македонд хүртсэн хүрэл медалиа Тбилист ихэрлүүлэв. Энэ удаагийн тэмцээнд 41 орны 700 гаруй тамирчин оролцож байна. Мастеруудын өмнөх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс Монголын бөхчүүд долоон алт, 10 мөнгө, 23 хүрэл, нийт 40 медаль хүртээд байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn